Италийн Сардини арал дээрх Нуро мужийн Оллолай тосгоны орон нутгийн зөвлөл зайнаас ажиллах сонирхолтой бүх хүнд хандан сонирхолтой санал тавьжээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
"Зайнаас ажиллах сонирхолтой хүн бүрийг үзэсгэлэнт Сардини аралд ердөө нэг еврогоор байшин түрээслэхийг урьж байна" хэмээн тосгоны зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ боломжийг ашигласнаар "онгон байгаль дунд ажиллаж, амьдран, ойролцоох наран шарлагын газарт амрах" боломжтой болно гэж онцолжээ.
Албан ёсны мэдээллээр, сүүлийн жилүүдэд энэ хотын хүн ам хөгширч, залуус тосгоноос явснаар хүн ам эрс цөөрч байгаа гэнэ. Тиймээс хөдөлмөрийн насны гадаадын иргэдийг татах хүсэлтэй байгаа аж.
Оллолай тосгоны хүн ам сүүлийн дөчин жилд бараг хоёр дахин буурч, 2013 хүн амьдарч байснаас одоо ердөө 1174 хүн амтай болсон гэнэ. Эндэхийн оршин суугчид томоохон хотууд руу нүүж, харин тосгоны эрх баригчид амьдрах сууцыг тун бага үнээр санал болгон хүмүүсийг татахыг хичээж байгаа гэнэ.
Өмнө нь энэ тосгон гадаадын иргэдийгн татах зорилгоор хямд байшин санал болгож байлаа. Тосгоны эрх баригчид эзэнгүй хаягдсан байшингуудыг нэг еврогоор зарах зар түгээсэн бөгөөд худалдаж авсан эзэн нь тухайн байшинг засах ёстой гэсэн нөхцөл тавьжээ. Энэ зараар хүмүүс холбогдож, 13 байшинг зарсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |