БНХАУ-ын дарга Ши Жинпиний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 70 нас хүрч байгаа аж. Энэ ойтой холбоотойгоор Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д даргад мэндчилгээ илгээн баяр хүргэсэн гэж Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлжээ.
"Таны эрч хүчтэй удирдлагын ачаар Хятадын Коммунист намын нэр хүнд улам өсөж, бүх талын таатай нийгмийг бүтээн байгуулах зорилго биелж, Хятадын төрийн хүч болон олон улсын статус бэхжсэн" хэмээн БНХАУ-ын даргад хаягласан мэндчилгээнд өгүүлжээ.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын даргад баяр хүргэсэн талаар ТАСС мэдээлсэн байна.
Баяр хүргэсэн мэндчилгээндээ Ши Жинпинийг "эрхэм нөхөр" хэмээн нэрлээд эрүүл мэнд, аз жаргал, төрийн үйл хэрэгт нь амжилт хүсэхийн зэрэгцээ Орос, Хятадын иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааны харилцааг бэхжүүлэх Ши Жинпиний хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн