Украины дайнд татан оролцуулах хоригдлуудад өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурж байгаагаа Оросын Владимир Путин анх удаа баталжээ. Оросын "Вагнер" хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожин болон түүний төлөөлөгчид хорих газруудаар явж хөлсний цэрэг элсүүлэх болсноос нэг жилийн дараа Путин ийнхүү анх удаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийжээ.
Оросын хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, Вагнер компанийнхан 40 мянга гаруй хоригдлыг хорих газраас хөлсний цэргээр элсүүлсэн гэнэ. Путиний мэдэгдлээс харахад, хоригдлуудад өршөөл үзүүлэх ажил зогсолтгүй үргэлжлэх аж.
Путин зургадугаар сарын 13-ны өдөр цэргийн сурвалжлагчидтай уулзах үеэр түүнээс "хувийн цэргийн компаниудыг эрхзүйн гольдрилд хэрхэн оруулах талаар асуухад тэрбээр хоригдлуудыг фронт руу илгээхийн тулд өршөөж байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна.
"Хууль журмын дагуу манайд хориотой, гэхдээ тэд фронтод байгаа. <...>Тэд шууд л авч байгаа шүү дээ, би өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан" хэмээн Путин хариулжээ. .
Путин өөрөө ийнхүү мэдэгдэл хийхээс өмнө, хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээгээр хоригдлуудыг цэрэгт татаж байгаа мэдээлэл тасралтгүй гарч байсан ч Оросын эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Хорих газарт ял эдлэж буй, тэр дундаа хүнд болон онц хүнд гэмт хэргээр ял сонссон хүмүүсийг фронт руу илгээхийн тулд Путин тэдэнд өршөөл үзүүлж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн зун л гарч байлаа. Тухайн үед хэвлэлүүд Евгений Пригожин хорих ангиудаар явж, хоригдлуудыг цэрэгт элсвэл өршөөлд хамрагдана гэж амлаж байгаа бичлэгийг нийтэлж байв.
Оросын "Русь сидящая" хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар 30 мянган хоригдол хөлсний цэргээр элссэн бол НҮБ 2023 оны дөрөвдүгээр сард гаргасан тайландаа 40 мянган хоригдол цэрэгт элссэн хэмээсэн байв. Харин АНУ энэ тоо 50 мянгыг давсан гж үзэж байгаа юм. Хоригдлуудыг цэрэгт элсүүлэх явдал одоо ч үргэлжилж, харин энэ удаад Вагнер биш Оросын Батлан хамгаалах яам энэ ажлыг хийж байгаа гэнэ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Орост хоригдлуудыг нууцаар өршөөж, олноор нь фронт руу илгээх ажлыг гагцхүү Путин төдийгүй одоо Оросын шүүх ч хийж байгаа гэнэ. Сүүлийн саруудад Оросын шүүх дайнд явж, амьд үлдэн, Орост ирсэн хоригдлуудтай холбоотой 13 шийдвэрийг гаргажээ.
Далд ажлыг ил болгоно
Ийнхүү Оросын Ерөнхийлөгч дайн эхэлснээс хойш ялтнуудыг нууцаар өршөөж, фронт руу илгээж байгаа бол тус улсын эрх баригчид энэ ажлыг нэг мөр хуульчлахаар зэхэж байна. Тодруулбал Оросын Төрийн думд хорих газруудаас хоригдлуудыг тэнсэн харгалзах ялтайгаар чөлөөлөх хуулийн төслийг энэ долоо хоногт өргөн барьсан юм.
Хуулийн төслийг баталснаар хоригдлуудыг тэнсэн харгалзах ялтайгаар чөлөөлж, улмаар Батлан хамгаалах яам тэднийг армид гэрээгээр элсүүлж, эсвэл шинээр дайчилгаа зарлавал цэрэгт татах боломжтой болох гэнэ. Энэ хуулийн дагуу чөлөөлөгдсөн ялтнууд Украины дайнд оролцон байлдаж, төрийн шагнал хүртэх эсвэл армиас халагдах хүртлээ алба хаасан тохиолдолд ялыг нь хэрэгсэхгүй болгох аж.
"Тусгай цэргийн ажиллагаанд оролцох этгээдүүдийн эрүүгийн хариуцлагын онцлогын тухай" холбооны хуулийн төслийг Думын хот байгуулалт, хууль тогтоомжийн хороодын дарга нар болон хэд хэдэн гишүүн хамтран боловсруулж, Төрийн думд өргөн барьжээ.
Энэ хуулийн төсөлд дайчлагдсан эсвэл Батлан хамгаалах яамтай гэрээ хийсэн ялтнуудыг хорих газраас тэнсэн харгалзах ялтайгаар чөлөөлөх тухай тусгасан байна. Түүнчлэн шийтгэл нь таваас дээшгүй жилийн хорих ялтай, хөнгөн болон хүндэвтэр хэрэгт татагдсан хүмүүсийн мөрдөн байцаалтыг зогсоож, сэжигтэн, ялтнуудыг урьдчилан саатуулах газраас суллах боломжтой хорих газраас суллах боломжтой болох аж. Ингэснээр хулгай, дээрэм, луйвар, зарим тохиолдолд хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн сэжигтнүүд эрх чөлөөгөө олж авахын тулд дайны фронт руу явах болох нь.
Төрийн думд өргөн барьсан хуулийн төсөлд чухам ямар хэрэг үйлдсэн этгээдүүдийг нөхцөлтэйгээр суллах талаар нарийвчлан тусгаагүй. Гэхдээ Оросын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар насанд хүрээгүйчүүдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, түүнчлэн экстремист болон террорист ажиллагааны сэжигтнүүдээс бусад бараг бүх зүйл заалтаар ял сонсох, сонссон этгээдүүд суллагдах боломжтой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |