УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хуулийн төслийн Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Монголын төрд олон хулгай нүүрлэсэн. Түүнээс хоёр хулгай нь ард иргэдийн ахуй амьдрал, авдаг цалин, тэтгэвэр тэтгэмжид шууд нөлөөлж байгаа. Засгийн газар олон хулгайтай тэмцсэний үр дүн гарч, иргэдийн хүсэн хүлээж байсан зарим асуудлыг шат дараатай шийдвэрлэж байна.
Гэхдээ хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгө өгнө гэдгээ больчих оо. Бид эхнээсээ 91 хувьд нь өгнө гэсэн. Ямар ч хүсэлт авахгүйгээр 91 хувьд өмнө авч байсан жишгээр нь Хүүхдийн мөнгийг дансанд нь хийх ёстой.
Хэрвээ та цахим орчинд орох боломжгүй бол хороондоо оч гэж байна. Хороонд энэ олон хүнд үйлчлэх боловсон хүчний нөөц байхгүй. Иргэд маш олуулаа цуглаж, бухимдана. Төрийн шийдвэр иргэдэд бухимдал төрүүлэх нөхцөл үүсэх учраас зөв зүйтэй шийдээрэй.
Мөн 161 мянган иргэний тэтгэвэр, цалингийн материал алга болсон, 10 хувиар өөр нэмэгдэл авахгүй гэж байна. Цаашид инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэврийг жил бүр нэмнэ. Энэ хүмүүсийг яаж нэмэх вэ, насан туршдаа хэлмэгдэх үү?
2024 оны төсөвт анхаарах хэд хэдэн зүйл байна. Өнөөдөр бид амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийг ярихгүй байна. Улаанбаатарт сарын орлого 277 000, орон нутагт 238 000 төгрөгийн орлоготой иргэдийг амьжиргааны баталгаажих түвшинд байна гэж нэрлэдэг. Нийт 26 000 өрх байна. Энэ мөнгөний хэмжээг 2024 онд эргэж харах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлэв.
Сангийн сайд Б.Жавхлан: Бид Хүүхдийн мөнгөн дээр нэлээд судалгаа хийсэн. Иргэдэд хүүхдийн мөнгийг авахгүйгээр Хүүхдийн төлөө фондод хандивлах сонголтыг олгож байгаа гэсэн үг. Хүсэлт ирээгүй тохиолдолд Хүүхдийн мөнгийг олгоно. Харин өөр зүйлд, хүүхдийн сайн сайхны төлөө зориулах хүсэлтийг авна. Үндсэндээ бүх хүүхдэд олгоно, энд хүндрэл гарахгүй байх.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энд харь гаригаас ирсэн хүмүүс цугласан мэт юм яриад байна. Гэнэтхэн хөрсөн дээрээ буусан уу.
Хүүхдийн мөнгийг нөхөж өгнө гэж байна, хүүтэй нь өгөөрэй. Нэгдүгээр сараас хойш зовоочихоод, уучлалт гуйгаад, хүүтэй нь өгөөрэй. Хүссэн хүүхдэд өгнө ч гэх шиг, та нар асуудалд яаж ингэж хандаж чадаж байна аа.
Нэг ангид 50, 60-уулаа сурч, хүүхдийн засан хүмүүжүүлэх шиг байна. Тэнд ямар юмны сургалт байхав дээ. Хүүхдийн цэцэрлэг, сургуулийг хамгийн муу материалаар, хамгийн муу барилга босгосон байна. Хоёр, гурван жилийн өмнө барьсан барилга нурж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгэж байна. Гэхдээ бодит орлогын өсөлт болж чадах уу.
Инфляци өнөөдөр 11.3 хувьтай байгаа, өндөр. Сүүлийн зургаан сарын хугацаанд зах зээл рүү 1.8 их наяд төгрөг хийх гээд байна. Үр дүнд нь инфляци өснө. Иргэдийн бодит орлого өсөх үү? Үүнийг дагалдуулаад ямар бодлогын арга хэрэглэх вэ? Мөнгөний бодлогын хүүг өсгөх ганцхан арга хэмжээ байгаа. Бодлогын хүүг өсгөвөл бизнесийн сектор дахиад шахагдана. Ямар арга хэмжээ авах вэ?
Уншиж байна |