Берлиний Прокурорын газар Рамштейн хамлагийн дуучин Тилль Линдеманы эсрэг эрүүгийн мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Германы хэвлэлүүдийн мэдээлснээр, Линдеманныг бэлгийн хүчичрхийллийн хэрэгт сэжиглэж байгаа аж.
Bild сонины мэдээлснээр Берлиний цагдаагийн газарт болон прокурорт хандсан хоёр өргөдлийг үндэслэн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ зүйл заалтад тусгасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдвол 10 хүртэлх жилийн ял оноодог байна.
Линдеманн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл энэ сарын эхээр гарч эхэлсэн юм. Линдеманнд тусгайлан зориулж зохион байгуулсан үдэшлэгт эмэгтэйчүүдийг урьж, үдэшлэгийн үеэр тэдэнд согтууруулах ундаа, хар тамхи санал болгосон гэж арав гаруй эмэгтэй мэдэгдэж байв. Тэдний өгүүлснээр, эдгээр үдэшлэгт бүсгүйчүүдийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан урьж байсан бөгөөд үдэшлэгт орохын тулд бүсгүйчүүд гэрэл зураг эсвэл видео явуулах ёстой байсан гэнэ. Ингээд ийм нэг үдэшлэгийн үеэр Линдеманн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж хоёр эмэгтэй мэдэгджээ.
Харин Линдеманн эмэгтэйчүүдийн энэ мэдэгдлийг ор үндэсгүй гээд, өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж байгаа аж.
"Манай үйлчлүүлэгч Рамштейны тоглолтын дараа бүсгүйчүүдтэй бэлгийн харилцаанд орохоын тулд хар тамхи, согтууруулах ундаагаар шахсан гэх мэдэгдлүүд нь бүгд үнэнд нийцэхгүй" хэмээн өмгөөлөгчид нь мэдэгджээ.
Энэ мэдээллүүд гарч эхэлсний дараа Рамштейн хамтлагийнхан дуучин нь бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон асуудалд ихээхэн нухацтай хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэд аливаа хүчирхийллийг тэвчихгүй, цаашид Линдеманнтай хамтран уран бүтээл туурвих эсэх талаараа ч бодолцоно хэмээн мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |