Америкийн Starbucks компани ажлаасаа халагдсан цагаан арьст эмэгтэйд өндөр нөхөн төлбөр төлөх ёстой болжээ. Ийм шийдвэрийг Америкийн шүүх гаргасан бөгөөд шүүгчид Старбакс компанийг ажилтандаа арьс өнгөөр ялгаварлан хандсан хэмээн буруутгаж, халагдсан эмэгтэйд 25,6 сая долларын нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгосон талаар ВВС мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шеннон Филлипс гэх эмэгтэй Старбакс компанийн бүс нутгийн менежерээр ажилладаг байжээ. Харин 2018 онд түүний хариуцдаг Филадельфи дахь салбаруудын нэгд хоёр өнгөт арьстныг баривчилж, олныг хамарсан эсэргүүцэл гарсны дараа тэрбээр халагдсан байна. Түүнийг халагдах үед өнөгт арьст ажилтан ажилдаа хэвээр үлдсэн гэнэ.
Ингээд хууль бусаар ажлаасаа халагдсан гэж үзсэн Шеннон шүүхэд ханджээ. Улмаар тангарагтны шүүх Старбакс компани Шенноныг халсан нь арьс өнгөөр ялгаварласан хэрэг хэмээн үзэж, энэ нь ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль тогтоомжуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, Нью-Жерсигийн шүүхийн холбооны шүүгчид Старбакс компани Шеннон Филлипсийн иргэний эрх, Нью-Жерсигийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийг зөрчсөн гэж тогтоон учруулсан хохирлын нөхөн төлбөр болгож 600 мянган доллар, торгуулийн арга хэмжээ болгож 25 сая доллар төлөхийг үүрэг болгожээ.
Кафед болсон хэрэг
Өнгөт арьстнуудыг баривчилсан хэрэг 2018 онд, Филадельфи дахь Старбаксын салбарт болжээ. Тухайн үед кафед байсан хоёр өнгөт арьст эрэгтэйн нэг нь бие засах өрөө рүү орох гэхэд түүнийг юу ч худалдаж аваагүй тул тийш оруулахыг зөвшөөрөөгүй аж.
Эрчүүд ажил хэргийн уулзалтад ирсэн, хүн хүлээж байгаагаа хэлжээ. Мөн кафен ажилтнууд тэднийг гарахыг шаардпахад татгалзсан тул ажилтнууд цагдаа дуудаж, улмаар кафед ирсэн цагдаагийнхан эрчүүдийг гавлаж, кафегаас гаргасан байна.
Тэднийг ийнхүү баривчилж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаар олныг хамарсан эсэргүүцэл өрнөжээ. Үүний дараа Старбакс компани АНУ дахь 8000 кафегаа нэг өдөр бүрэн хааж, ажилтнууддаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг сургалт явуулсан байна.
Хоёр эрэгтэй баривчлагдаж, орон нутагт олныг хамарсан эсэргүүцэл өрнөсний дараа компанийн бүс нутгийн менежер Шеннон Филлипсийг халсан бол хэрэг гарсан кафед ажилладаг, өнгөт арьстай менежер ажилдаа хэвээр үлдсэн гэнэ. Ингээд Шеннон 2019 онд Старбакс компанийг өөрийг нь хууль бусаар ажлаас халсан, цагаан арьст ажилтнуудыг шударга бусаар шийтгэсэн хэмээн буруутгаж, шүүхэд өгчээ.
Түүний өмгөөлөгчид Старбакс шуугиан дэгдсэний дараа хэнийг ч хамаагүй буруутгаж, ажлаас нь халж, арга хэмжээ авсан нэр зүүхийн тулд Шенноныг халсан, ингэхдээ арьс өнгөөр ялгаварласан хэмээн үзсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |