Украинд дайн өдүүлж, хоригт орсныхоо улмаас Европын зах зээлийг алдсан ОХУ Хойд Солонгос руу газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж эхэлжээ. Энэ талаар НҮБ-ын хориг арга хэмжээний хорооны тайланд өгүүлснийг Блүмберг агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн оны сүүлээр Хойд Солонгос болон ОХУ хоёр орныг холбосон цорын ганц төмөр замаар нийлүүлэлтээ сэргээсэн гэдэг нь 38North сайтад нийтлэгдсэн хиймэл дагуулын зурагнуудаас харагдаж байгаа гэнэ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун коронавирусийн халдварын улмаас хилээ хаасан 2020 оны хоёрдугаар сард төмөр замаар хийх нийлүүлэлтийг зогсоож байв.
Харин хоёр жил зогссоны эцэст Орос, Хойд Солонгосын хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, худалдаа нийлүүлэлт сэргэсэн байна. Эртний энэ түншүүд "хоригоос зайлсхийхэд" нь нэгэндээ тусална гэж барууны орнуудын эрх баригчид болгоомжилж байгаа аж.
НҮБ-ын хоригийн дагуу Хойд Солонгос жилд нийт 500 мянган баррель газрын тос импортлох зөвшөөрөлтэй. Гэхдээ Хойд Солонгос энэ хоригоос зайлсхийх арга олсон, тухайлбал задгай тэнгист нэг хөлгөөс нөгөө рүү ачааг шилжүүлэн ачих аргыг хэрэглэж байгаа гэж Блүмберг онцолжээ.
Үүний зэрэгцээ Хойд Солонгосыг Орос руу зэвсэг нийлүүлж байна гэж АНУ-ын эрх баригчид нэг бус удаа буруутгаж байгаа юм. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд мягмар гарагт Төрийн департаментын төлөөлөгч Ройтерс агентлагт мэдээлэл өгөхдөө "Хойд Солонгос Орос руу илүү их зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байгаад бид санаа зовниж байна" хэмээж байв. Мөн Оросын хувийн цэргийн компани болох Вагнер группт пуужин нийлүүлсэн гэсэн мэдээлэл гарч байлаа.
Хойд Солонгос нь Зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн артиллери болон зэр зэвсгийн ихээхэн нөөцтэй Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн мэдэгдсэнээр БНАСАУ-д 21600 артиллерийн зэвсэг байдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |