Их Британийн Дорнод Йоркширийн нэгэн хотод өнөө хэр нь зул сарын гацуурыг буулгаагүй гэнэ. Энэ нь баярын уур амьсгалыг хадгалах зорилготой биш гэж The Metro мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Беверли хотын зул сарын гацуурыг зун болсон ч хураагаагүй нь гацууранд ойн тагтаа үүрээ зассантай холбоотой гэнэ. Хотын зөвлөл нэгдүгээр сард хураах ёстой байсан ч 1981 онд батлагдсан Онгон байгаль, орон нутгийн тухай хуулийн дагуу аливаа зэрлэг шувууны үүрийг гэмтээх, авах, сүйтгэхийг хориглодог тул гацуурыг буулгаж чадахгүй байгаа аж. Тиймээс тагтаа энэ үүрээ орхин явах хүртэл гацуурыг талбайд үлдээхээс аргагүй болсон байна.
Шувууны үүрийг сүйтгэж болохгүй хуультай тул гацуурыг үлдээсний дээр тэнд үүрээ зассан шувууны "амар тайван байдлыг алдагдуулахгүйн тулд" гацуураас гэрлэн чимэглэлүүдийг нь ч аваагүй байгаа гэнэ. Байгал судлаачдын өгүүлснээр, гацууранд үүрээ зассан тагтаа долдугаар сард, үржлийн улирал нь дуусахаар гацууран дахь үүрээ нэг мөсөн орхиж явах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |