Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрээс үйлдвэрийн балансад бүртгэлтэй зэсийн хүдрийн 10 овоолго бий. Эдгээр 10 овоолгыг үүсгэхэд гарсан зардлыг тухайн жилийн үйлдвэрлэлийн зардалд бүртгэсэн. Энэ нь өнөөгийн үнэ цэнээр 500.1 сая ам.доллар. Гэвч одоо энэ овоолгод П.Цагаан нарын хүмүүс эзэн суусан.
Төрийн өндөр албан тушаалаас гэнэт буусан П.Цагааны ТЭРБУМТАН болсон түүх бол ердөө л энэ. Тэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэх өндөр албан тушаалаас буухдаа ЭРДЭНЭТИЙН овоолго дээр бууриа зассан. Өнөөдөр П.Цагаан хэдийнээ тэрбумтнуудын эгнээнд багтаад буй. Монголын төр 500 сая ам.долларын ӨРТӨГ ШИНГЭСЭН овоолгоо П.Цагаанд ҮНЭГҮЙ ашиглуулдаг. Инээдтэй, эмгэнэлтэй дүр зураг. Төр нь өөрийнхөө өмчийг цөөхөн иргэдэд зүгээр өгчихөөд хувь эзэмшиж чадахгүй царай алдаад сууж байна шүү дээ. Бүр тодорхой хэлбэл Монголын төр П.Цагаан нарт асар их баялаг бүхий зэсийн хүдрийн овоолгоо, газраа, усаа, воганы замаа гээд бүгдийг нь насаараа төрийн өндөр албан хашсан бонусанд нь өгч, ашиглуулдаг.
Үүнийг Эрдэнэт үйлдвэрийн захирал Г.Ёндон ""Ачит Ихт" компанитай овоолго ашиглах шийдвэр дандаа Эрдэнэт үйлдвэрийн хамтарсан зөвлөлийн хуралдаанаар гарсан байдаг. 2010 онд 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшихээр шийдвэр гарсан. Дараа нь 2013 онд энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн бол 2014 онд ТЭЗҮ үндэслэл муутай байдаг гэдэг үндэслэлээр борлуулалтын орлогоос авахаар шийдвэрлэгдсэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын ажил авсан даруйдаа энэ асуудлаар "Ачит Ихт" компанитай хэлэлцээр хийсэн. Дараа нь 2021 онд Эрдэнэт үйлдвэр эдгээр овоолгуудынхаа талаар өөрсдийнхөө байр суурийг ТӨБЗГ-т байр сууриа илэрхийлж ирсэн. Энэ нь "Эрдмин үйлдвэр" компанийн 25-34 хувь, "Ачит Ихт" ХХК-ийн 34 хувь, "Зэс Эрдэнийн хувь" компанийн 34 хувийг эзэмшинэ гэсэн үйлдвэрийн байр суурийг маш ойлгомжтой илэрхийлсэн байдаг. Энэ байр суурь тодорхой шалтгааны улмаар шийдэгдээгүй. Эрдэнэт үйлдвэр 34 хувийг эзэмших ёстой" хэмээн тайлбарлаж суух. Ичмээр байгаа биз. Төр нь өмчөө "дээрэмдүүлчихсэн".
Тэд Монгол төрд насаараа ашигласныхаа төлөөсийг нь ингэж л авдаг. Цаашид ч үргэлжилнэ. Эрдэнэт "Ачит Ихт"-ээс бүх л бүтэн 20 жилийн турш борлуулалтын орлогоос ашиглалтын төлбөрийн 2-хон хувийг л авна. Хар дээр цагаанаар бичсэн АШИГТ МАЛТМАЛЫН хуулийн хэрэгжилт энэ.
Уг нь хууль нь ийм.....
Ашигт малтмалын тухай хууль
5.1.Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.
5.4.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.
5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.
Монголын ард түмний 42,5 хувь ядуу. Гэтэл Монголчуудыг ингэж ядуу амьдруулах үндэс суурийг бий болгосон үе үеийн төрийн өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдлаа ашиглан Эрдэнэтийн овоолго дээр эзэн суусан хувийн компаниуд 400 сая долларын борлуулалт хийчихээд таахалзаж байна. Цөөхөн нь баяжиж, баялгийг цөлмөсөөр байгаагийн тод жишээ энэ. Хуулийн дагуу Монголын төр 34 хувиа эзэмших ёстой биш үү? Гэтэл П.Цагаан нарыг хэлэлцээрийн ширээний ард хэзээ суухыг хүлээж, царайчилсаар сууж байдаг. ИЧГЭВТЭР байгаа биз.
Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг үг бий шүү, Г.Ёндон захирал аа!!!!
П.ГОО