Японы Нагасаки хотын цагдаагийнхан Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд тогоруун чимэглэлийг шатаасан эрийг баривчилжээ. Энэ талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 1945 оны атомын бөмбөгдөлтийн хохирогчдод зориулсан Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд нутгийн оршин суугч эр энэ хүрээлэнгийн нутаг дэвсгэр даяар өлгөсөн цаасан шувуу бүхий чимэглэлийн нэгийг шатаажээ. Тэрбээр ийм хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй, чимэглэл галдан шатаасны улмаас хүн хохироогүй аж.
Хирошима, Нагасакигийн дурсгалын цогцолборыг цаасан тогоруугаар чимэглэх уламжлал 1955 онд, Хирошимагийн бөмбөгдөлтийг хоёр настайдаа туулсан Садако Сасаки охин нас барсны дараа анх үүссэн юм. Хотод атомын бөмбөг хаях үеэр Садако охин дэлбэрэлтийн төвөөс хоёр км зайд байсан бөгөөд радио идэвхит цацраганд ихээр хордсон байна.
Садаког 11 настай байхад охин цусны ховор өвчинтэй болж, эмч нар түүнийг ганцхан жилийн настай хэмээж байв. Мянган цаасан тогоруу хийвэл ямар ч хүсэл биелдэг гэсэн домгийг сонссон Садако охин өвчнөө эдгээхийг мөөрөдөн, уйгагүй цаасан тогоруу хийж байсан гэдэг. Охин 1955 онд 12 настайдаа таалал төгсжээ. Садако 1000 тогоруу хийж чадаагүй нас барсан тулд охины төрөл төрөгсөд, найз нөхөд нь Садакогийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, Садаког 1000 цаасан шувууны хамт оршуулжээ.
Ингээд Садако болон атомын бөмбөгдөлтийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн дурсгалд зориулан Хирошимагийн Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд Охины хөшөөг босгож, энэ хөшөөн дээр нутгийн оршин суугчид болон гадаадын жуулчид өдөр бүр цаасан шувуу авчирж тавих уламжлал тогтсон байна. Мөн Нагасаки хотын дурсгалын цогцолбор ч тогоруун чимэглэлтэй байдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |