Аргентины шигшээ багийнхан Австралийн багтай нөхөрсөг тоглолт хийхээр Хятадын нийслэл Бээжин хотод очсон. Тэд ням гарагийн үдэш бэлтгэл хийхээр төлөвлөсөн ч фанатууд бэлтгэлийг нь тасалдуулсан гэнэ.
SCMP сонины мэдээлснээр, хөлбөмбөгчин Лионель Мессигийн фанатууд олноор цугларсны улмаас Аргентины шигшээ баг зургадугаар сарын 11-ний үдэш бэлтгэлдээ гарч чадалгүй, буудалдаа үлдсэн байна. Хөлбөмбөгчдийн байрласан Four Seasons Hotel Beijing зочид буудлыг фанатууд дүүргэж, тэд "Месси, Месси" хэмээн хашгиралдаж байсан гэнэ. Улмаар тамирчид буудлын өрөөнөөсөө гарах аргагүй болж, бэлтгэлээ цуцалсан байна.
Энд дуулгахад, Месси хувийн онгоцоор Хятадад газардсан бөгөөд тэрбээр Хятадад долоо дахь удаагаа ирж байгаа нь энэ юм. Тэрбээр Хятадад ирэхдээ визний асуудалтайн улмаас хэдэн цаг саатсаны эцэст виз авч, Хятад руу нэвтэрчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |