Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Г.Өнөрбаяр Завхан аймгийн Засаг даргаар томилогдсон.
Тэрбээр хоёр хоногийн өмнө аймгийн Засаг даргын тамгын хүлээн авахдаа "Үг сонсож, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, олон түмнийхээ санаа бодолд тулгуурлан ажиллана” хэмээн мэдэгдсэн байдаг.
Харин өчигдөр нийгмийн сүлжээндээ "Улиастай хотыг муухай харагдуулж байгаа зүйл бол мал, малын нүүдэл байна. Жилийн 4 улиралд хотын төвд мал сэлүүхэн бэлчдэг юм байна. Ногоон байгууламжуудыг сүйтгэж байна. Энэ байдалдаа дасжээ. Бас Алдархааны малчид аймгийн төвөөр дамжин нүүдэл хийж, хотын гудмыг малын баас, шээсээр дүүргэх нь хэвийн үзэгдэл аж. Энэ бүхнийг өөрчилнө. Улиастай хот бол хот шиг болгоно. Хот шиг байлгана. Экологийн цагдаа, онцгой, байгаль хамгаалагчид, хяналтынханыг ажлыг нь хийлгэнэ. Хамгийн чухал нь Улиастай хотын иргэд байр сууриа илэрхийлж, бие биедээ шаардлага тавьж, ногоон байгууламжаа, хотоо хамгаалах хэрэгтэй байна. Нийтийн эрх ашгийг төлөө хатуухан шийдвэрүүдийг гаргах болно" гэжээ.
Гэхдээ шинэ Засаг дарга Монголчууд эрт дээр үеэр нүүдэллэн амьдарсан гэдгийг мартсан бололтой. Энэ л уламжлалаар Алдархаан сумын Богдын гол багийн малчид Улиастай хотоор дайран өвөлдөө Өгөөмөрт, зун Богдын гол өгсөж зусдаг байна. Ингэхдээ ганцхан байдаг гүүрээрээ гарахаас өөр сонголтгүй. Гэтэл шинэхэн дарга гүүр нэмэх асуудлыг хөндөхөөс өмнө, нүүдэл хийж байгаа малчдыг малтай нь "ад үзэж" байгаа нь шүүмжлэл дагуулав.