УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сайжруулсан шахмал түлшний угааранд 25 хүн хордож, 8 хүн нас барсан талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “05 дугаар сарын 31-нд сайжруулсан шахмал түлшний угааранд 25 хүн хордож, 8 хүн нас барсан гэх мэдээллийг авсан. Хамгийн хачирхалтай нь энэ хэргийн талаар албан ёсны мэдээлэл авах боломжгүй байна. Би УИХ-ын дэд даргын хувиар мэдээлэл авах гээд олдохгүй байна.
Найман хүнээс гурав нь бага насны хүүхэд байсан гэж байна. Тиймээс холбогдох байгууллагуудыг иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна.
Шахмал түлш иргэдийг үнэхээр бухимдуулж байна. Миний авсан мэдээллээр он гарснаас хойш 1739 хүн угаартаж, 46 хүн нас барсан гэж байна. Холбогдох хүмүүсийг мэдээлэл өгөхийг хориглож, айлгаж байна” гээд энэ асуудлыг орхихгүй гэдгээ илэрхийллээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа "Сонгинохайрхан дүүрэгт 2021 онд дөрвөн хүүхэдтэйгээ амь насаа алдсан эмэгтэй, дөрвөн настай хүүтэйгээ хамт амиа алдсан аав, дөнгөж цэргээс халагдаж ирсэн хүүтэйгээ хамт амиа алдсан ээж гээд угаартаж амиа алдсан мэдээллийг жил бүр авдаг. Статистик мэдээ болсон энэ үйл явдал үнэхээр харамсалтай байна.
Гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдлыг бууруулахад татвар төлөгчдийн мөнгөнөөс 2021 онд 30.2 тэрбум төгрөг, 2022 онд 34.5 тэрбум төгрөг, 2023 онд 39.4 тэрбум төгрөг, жил бүр өссөн дүнтэй төсөв батлагддаг. Харамсалтай нь утаагүй түлшнээс болж хагацал амссаар байна" гэдгийг хэлж, энэ асуудалд хүчтэй дуу хоолой болохоо дуулгалаа.
Б.Хэрлэн
Уншиж байна |