УИХ-ын үдээс өмнөх чуулганаар үргэлжлүүлэн “Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн цэцийн 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа холбогдох маргааныг хэлэлцээд, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасны "... илрүүлэх ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн хэмээн дүгнэсэн байна.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "... илрүүлэх ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр дээрх дүгнэлтэд дурджээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат: Байнгын хорооны дүгнэлт хүлээж авахгүй гээд Цэцийн шийдвэр үг үсгийг хасна гэсэн шийдвэр гаргажээ. Гар утас тусгай техник хэрэгсэл мөн үү? Бид иргэддээ халдашгүй байдал, хувийн орон зайд халдахгүй байх баталгааг гаргаж чадахгүй байна. Техник технологи өдөр өдрөөр л хөгжиж байна. Сүхбаатарын талбай дээр хүмүүс үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байх ёстой. Гэтэл тэднийг байнга шахаж, дарамтлана. Нөгөө хүмүүс нь арга ядаад элчин сайдын яамдын гадаа очиж байна. Үндсэн хуулийн цэц нь дандаа энэ байр суурин дээрээ байж чадах уу? УИХ эцсээ тултал байр суурин дээрээ байх уу? Төр засаг иргэдээ хамгаалж чадахгүй бол эрүүл саруул иргэддээ буу эзэмших эрхийг нь өгөх ёстой. АНУ энэ тэр шиг. Төр нь хамгаалж чадахгүй бол иргэн нь өөрөө өөрийгөө хамгаалдаг.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Гар утас бол гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл биш. Жагсах нэгдэх нь өөр хуулиар зохицуулагдана. Иргэдээ буу өгье гэж уриалах нь УИХ-ын гишүүний хэлэх үг мөн үү?
Уншиж байна |