Өнгөрсөн сарын сүүлээр Оросын нийслэл Москва хот болон Москва муж дроны халдлагад өртсөн. Тухайн үед хүний амь нас хохироогүй, бага зэргийн хохирол учирсан, дронуудын ихэнхийг Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем амдан устгасан гэж ОХУ-ын эрх баригчид мэдэгдэж байлаа.
Тавдугаар сарын 30-ны өдөр Москваг чиглэсэн дроны халдлагын зорилго нь Оросын тагнуулын ажилтнуудын орон байр байсан байж магадгүй гэж Америкийн тагнуул болон конгрессын гишүүдээс авсан эх сурвалжтайгаар NBC суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дроны халдлагад өртсөн орон сууцнуудад Оросын тагнуулын албаны офицерүүд амьдарч байсан аж. Халдлагад өртсөн байрнуудын нэг нь Гадаад тагнуулын албатай холбоотой байсан гэж нээлттэй эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулдаг, Америкийн Strider Technologies компаниас авсан эх сурвалжтайгаар NBC мэдээлжээ. Энэ компанийн мэдээлснээр, дроны халдлагад өртсөн барилга Оросын Гадаад тагнуулын албатай холбоотой цэргийн ангитай гэрээ хийсэн, Оросын төсвийн байгууллагуудын нэгд хамааралтай байсан гэнэ. Харин энэ орон сууцанд байх Гадаад тагнуулын албаны ажилтнуудын байр гэмтсэн, хэн нэгэн нь шархадсан эсэх нь тодорхойгүй гэж NBC онццолжээ.
Москваг чиглэсэн дроны халдлага
Тавдугаар сарын 30-ны өдөр Оросын нийслэл Москва хот болон Москва муж дроны халдлагад өртсөн юм. Энэ нь Орос Украин руу халдсанаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй халдлага байлаа. Дроны халдлагын талаарх тодорхой мэдээлэл одоо хүртэл гараагүй, хэн зохион байгуулсан, хаанаас хөөргөсөн нь ч одоо хүртэл тодорхойгүй байгаа юм.
Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, нийтдээ найман дрон хөөрсний гурвыг нь радиоэлектрон тэмцлийн хэрэгслээр унагаж, харин өөр таван дроныг "Панцирь-С" зенитийн комплексоор буудан устгасан байна. Радиоэлектрон тэмцлийн хэрэгслээр унагасан гэгдэж буй гурван дрон нь Москвад орон сууц оносон байж болзошгүй байгааг хэвлэлийнхэн онцолж байна. Удирдлагаа алдсан дронууд өндрөө алдахдаа орон сууцыг оносон байж болзошгүй аж. Гэхдээ яг ийм үйл явдал болсон гэдгийг батлах мэдээлэл гараагүй байгаа юм.
Тавдугаар сарын 30-нд болсон халдлагад нийт 25 дрон оролцсоны ихэнхийг нь амдан устгасан гэж Оросын хэвлэлүүүд мэдээлж байлаа. Москвад үйлдэгдсэн энэ дроны халдлагын ард украинчууд байгаа гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн бол Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "иргэний объектууд руу халдаж буй Киевийн дэглэмийн алан хядах ажиллагаа" хэмээн нэрлэж байсан юм. Харин Украины тал энэ бүхнийг үгүйсгэж байв.
Москва руу дрон халддаг өдрийн өглөө Оросын арми Киев рүү 31 ширхэг Шахед дрон хөөргөсөн. Эдгээрээс 29-ийг нь украинчууд амдан устгасан, гэхдээ үлдсэн дронууд энгийн иргэд амьдрах орон сууц руу халдаж, дэлбэрснээр нэг эмэгтэй амиа алдаж, 13 хүн шархадсан юм.
Энэ халдлагыг украинчууд үйлдсэн гэх нотолгоо байхгүйн дээр ямар дрон байсан талаарх мэдээлэл ч тодорхойгүй. Хэвлэлүүдийн мэдээлснээр, 2,5-3 метр өргөнтэй, дотоод шаталтын хөдөлгүүр бүхий дунд зэрэглэлийн дронуудыг Оросын хүчин амдан устгасан гэх.
Shot хэвлэл Москвагийн орон сууцны нэгэн байранд унасан дроны хэлтэрхийн гэрэл зургийг нийтлэж байлаа. Энэ зурган дээрээс харахад ЗХУ-ын үед үйлдвэрлэж байсан К3-6 харагдах бөгөөд үүнийг хуучин зэр зэвсгийг аюулгүй болгох, хана, хөлдүү хөрсөнд нүх гаргах, төрөл бүрийн төхөөрөмж устгах гээд төрөл бүрийн зориулалтаар ашигладаг аж.
Москва руу халдсан шиг хэмжээтэй дронууд хэдэн зуун километр туулан нисэх чадвартай, мөн Оросын цэргүүдэд эзлэгдээгүй Украины нутгаас хөөргөсөн байх боломжтой гэж зэвсгийн шинжээчид үзэж байгаа юм. Харин эдгээр дронууд агаараас эсэргүүцэн хамгаалах системийг хэрхэн давсан, цааш энэ хүртэлх замдаа бусад саадыг хэрхэн давж чадсан гэсэн асуулт анхаарал татна. Гэхдээ мягмар гарагт Москва руу нисэж ирсэн дронууд олон саад, системийг даваад Оросын төв хэсэг рүү дронууд орж ирсэн анхны тохиолдол биш юм. Хоёрдугаар сарын сүүлээр Украинд үйлдвэрлэгдсэн UJ-22 Airbone -той ижил дроны хэлтэрхийнүүдийг Москва орчмоос олж байсан бол тавдугаар сарын гурванд шилжих шөнө Кремлийн ордон руу мөн л дрон халдаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |