Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургаадугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгоно
Боловсролын зээлийн санд хөндлөнгийн шинжээчдийн баг үнэлгээ хийж, тус сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтын үйл явцад процессын дахин инженерчлэл хийх замаар ил тод, тэгш, шударга, хүртээмжтэй, тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ.
Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр зээл, тэтгэлэг, дэмжлэг олгох үйл явцыг сайжруулахад дийлэнх процессыг боловсролын зээлийн санд төвлөрүүлэх, хүний оролцоог багасгах, тэргүүлэх мэргэжлийн чиглэл, дэлхийн шилдэг их, дээд сургуулийг нээлттэй зарлах, сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, дүнг систем боловсруулалтаар гаргах нь зүйтэй гэжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулиар дамжуулан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг, дэлхийн топ сургуулиудад, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Ингэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангана” гэж ярилаа.
Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ
Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.
Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна.
Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны долдугаар сарын 06, 07, Булган аймгийн баяр наадмыг тус сарын 08, 09, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг зөвшөөрлөө.
Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”компани, сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Монгол Улсын интернэтийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилтын станцуудаа суурилуулж туршилт хийхэд бэлэн байгаа гэж Илон Маск дурджээ.
Монгол Улсад цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.
Авто зам засвар арчлалтын төрийн өмчит компаниудыг нэгтгэж, 34 хүртэлх хувийг биржээр олон нийтэд нээлттэй арилжина
“Шинэ сэргэлтийн бодлого”-д заасан төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчийн бодлого, шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төрийн өмчит авто зам засвар арчлалтын компанийн бүтцийг оновчтой болгох, засаглал, үр ашгийг сайжруулах, олон нийтийн шууд хяналтад оруулах зорилгоор төрийн өмчит авто зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулахаар боллоо.
Авто зам засвар арчлалтын компаниудыг нэгтгэсэн компанийн 34 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж, олон нийтийн шууд хяналтад оруулснаар удирдлагын зардал их хэмжээгээр буурах, мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэн тогтвортой ажиллуулах, техник тоног төхөөрөмж, машин механизмын болон үйл ажиллагааны хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл бололцоо бүрдэнэ.
“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо
Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон.
Тус онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ, Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөвлөгөөний хэрэгжилт 91,8 хувьтай байна гэж дүгнэсэн байна.
Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаа, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл нээлттэй болж, төмөр замын тээврийн аюулгүй байдал хангагдаж цаашид компанийн үйл ажиллагаа тогтвортой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдах үндсэн нөхцөл бүрдлээ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар тогтоолоор “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, мөн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилон ажиллуулсан.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.
Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа
Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыгхолбогдох хүмүүст даалгалаа.
Тус журам батлагдсанаар төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг зохицуулалт, тавигдах шаардлага бий болж, кибер аюул занал, эрсдэлийн түвшинг бууруулах эрх зүйн орчин бүрдэх юм.
Товч мэдээ
·Агаарын харилцааны тухай “Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, мөн “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг тус тус дэмжээд гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
· “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ”, “Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-г тогтоолоо.
·Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
·Олон улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг 2023 оны наймдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулна. Тус хурлыг зохион байгуулах үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.
Уншиж байна |