Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзалт хийсэн.
Энэ уулзалтаар ногоон технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцсан. Энэ хүрээнд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Старлинк компанийг Монголд үйл ажиллагаагаа явуулахад боломж бололцоогоор хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан. Өнөөдөр Старленк компани АНУ, Канад, Англи, Герман, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид Японд 2022 онд, Флиппинд 2023 онд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуулыг хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна. Манайх шиг өргөн уудам газар нутагтай улс оронд Харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг нэмэгдүүлж, интернетийн хүртээмжийг малчид, хөдөө орон нутагт хүргэх шаардлага үүсэж байна. Өнгөрсөн хугацаанд улсын гуравны нэгийг шилэн кабель интернет сүлжээгээр холбосон. Цаашид өргөн уудам газарт интернет хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд Старлинк компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзах үеэрээ дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн хугацаанд Старлинк компанитай хэд хэдэн яриа хэлэлцээр хийсэн. Анх Старлинк компани 2022 оны тавдугаар сарын 6-нд Харилцаа холбооны зохицуулах хороонд Монгол компаниа байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлье гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Миний хувьд сайдаар томилогдсныхоо дараа нам орбитын үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн сайдын тушаалыг хүчингүй болгосон. Энэ сайдын тушаал дээр "Старлинк компани орж ирэхэд газрын станцыг байгуулах шаардлагатай" гэсэн байсан. Нам орбитын үйлчилгээ эрхлэхэд газрын станцын байгуулах ямар ч шаардлагагүй байдаг. Энэ утгаараа баримтлах зарчмыг цуцалсан. Ингэснээр тус компани Монголд үйл ажиллагаа явуулах нээлттэй гэж үзэж байна. Старлинк Монголд дахь салбараа байгуулаад ХХЗХ-нд хүсэлтээ гаргасан. Бид Зөвшөөрлийн хууль болон Харилцааны холбооны хуульд тодорхой өөрчлөлт оруулна. Ирэх долдугаар сард Старлинк компанийн ажилтнууд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрнэ.
Нам орбитын хиймэл дагуул илүү ойр зайнд хөөргөдөг. Нам орбитын хиймэл дагуул нь заавал газрын станц барихгүйгээр хэрэглэгч өөрөө хүсвэл тавган антеннаа аваад сансартаа холбогдож интернетээ ямар нэг хамааралгүйгээр интернетийн үйлчилгээ авах боломжтой. Одоо ч гэсэн Старлинкийн хүлээн авагчаар интернет хэрэглэж байгаа тохиолдол байна" гэлээ.
Мөн Монгол Улсад цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.
Уншиж байна |