Хятадад "гаокао" буюу үндэсний элсэлтийн шалгалт эхэлжээ. Энэ шалгалт бүс нутгаас хамаарч зургадугаар сарын найман, есөн хүртэл үргэлжилнэ гэж Жэнминь жибао сонин мэдээллээ.
"Элсэгчдийн хар дарсан зүүд" гэгддэг Хятадын гаокао шалгалт хэрхэн явагддаг вэ
Энэ жил 12,91 сая элсэгч шалгалтад оролцож байгаа нь өмнөх оноос 980 мянган хүнээр их байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын 29 бүсэд гаокао шалгалтыг шинэ журмаар авч байгаа бөгөөд элсэгчид хичээлүүдийг 10 бүлэг болгон хуваасан хэсгээс сонгох боломжтой болжээ. Харин өмнө нь гагцхүү хүмүүнлэгийн эсвэл байгалийн ухааны хичээлүүд гэсэн хоёр сонголттой байсан аж.
Энэ жилийн шалгалтын үеэр гар утас болон бусад ухаалаг төхөөрөмж ашиглан хуулах, луйвар хийхээс онцгойлон сэрэмжилж байгаа гэнэ. Шалгалт авч байгаа бүх анги танхим, байруудыг ажиглалтын камер, аюулгүй байдлын хаалга, 5G дохио илрүүлэх төхөөрөмжөөр тоноглосон байна.
Түүнчлэн элсэгчдийг шалгалт өгөх таатай нөхцөлөөр хангахын тулд дуу чимээг багасгах, замын түгжрэлийг бууруулах, ажлын цагийг зохицуулах зэрэг арга хэмжээ авчээ. Тухайлбал, онцгой барбекюгээрээ алдартай шаньдун мужийн Жыбо хотод энэ жил шалгалтын үеэр бүхий л зоогийн газар, барбекю дэлгүүрүүдийг хаасан байна. Зарим бүс нутгуудад шалгалт авч буй байрны орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, барилгын ажил болон бусад дуу чимээ ихтэй ажил гүйцэтгэхийг хоригложээ. Мөн шалгалт өгөх үед коронавирусийн халдвар авч өвдсөн байгаа элсэгчдэд зориулан тусгай байр гарган, шалгалт авч байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |