Энэ сарын 17-ны өдөр Гвинейн багтай нөхөрсөг тоглолт хийх Бразилын хөлбөмбөгийн шигшээ баг эсэргүүцэл илэрхийлж, хар өнгийн хувцастай тоглох гэнэ. Энэ талаар О Globo мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын сүүлээр Бразилын шигшээ, Мадридын "Реал" клубийн тоглогч Винисиус Жуниор арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хохирогч болсон тул Бразилын шигшээ багийнхан арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэн хар хувцастай тоглохоор болсон байна. Бразилын хөлбөмбөгчид тоглолтын эхний хэсэгт л хар хувцастай байх бөгөөд дараа нь үндсэн өмсгөл болох шар, хөх өнгийн өмсгөлөө өмсөх аж.
Энд дуулгахад, тавдугаар сарын 21-ний өдөр Реал баг Валенсид 0:1 харьцаагаар ялагдсан юм. Тоглолт эхлэхийн өмнө болон тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид Винисиусийг арьс өнгөөр ялгаварлан, гутаан доромжилж байжээ. Улмаар Мадридын Реал клуб Бразилын тоглогч Винисиусийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, доромжилсон хэргийг шалган хэлэлцэх шаардлагыг Испанийн Прокурорын газарт хүргүүлж байв. Улмаар тавдугаар сарын 24-ний өдөр Испанийн цагдаагийнхан Бразилын тоглогчийг доромжилсон гурван хүнийг саатуулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |