Киргизд төрийн эрх мэдлийг хүчээр булаан авахын тулд олныг хамарсан үймээн дэгдээхээр төлөвлөж байсан 30 гаруй хүнийг баривчилжээ. Энэ талаар Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хороо мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна.
Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны мэдэгдсэнээр, баривчлагдсан хүмүүс бүгд буруугаа хүлээсэн мэдүүлэг өгсөн бөгөөд тэднийг түр саатуулах байранд хорьж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эдгээр иргэд Киргиз даяар өнөөгийн засаглалд "сэтгэл хангалуун биш" хүмүүсийг элсүүлж байсан гэнэ. Энэ ажлыг төлөвлөж, зохион байгуулсан хүн нь "Элдык Кенш" улс төрийн намын дарга гэж Киргизийн Үндэсний аюулгүй байдлын хороо мэдэгджээ.
Хорооны мэдэгдсэнээр, энэ бүлэгт нийт 100 гаруй хүн багтаж байсан гэнэ. Тэд ойрын үед "гадаад эх сурвалжаас их хэмжээний мөнгө орж ирэх"-ийг хүлээж байсан гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Ингээд тохиромжтой үйл явдал гармагц үймээн дэгдээхээр завдаж байсан гэж Киргизийн хууль сахиулагчид мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |