Бээжин хот болон Шаньдун мужид коронавирусийн халдвар давтан авах тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул коронавирусийн шинжилгээ авах газруудыг дахин нээсний дээр Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагууд олныг хамарсан халдварын шинэ давалгаа дахин гарна гэж сэрэмжлүүлж байгаа гэнэ. Энэ талаар The Epoch Times сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Бээжин хотод коронавирусийн шинжилгээ авах цэгүүд дахин ажиллаж эхэлсэн бөгөөд 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа гэнэ. Мөн Бээжин хотод хоёр болон гурав дахь удаагаа халдвар дахин авах тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа аж.
Түүнчлэн Шаньдун мужид халдварын тоо нэмэгдэж байгаа тул шинжилгээ авах цэгүүдийн ажиллагааг сэргээжээ. Энэ мужид тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүссэн хүн бүрт үйлчлэх шинжилгээний цэгүүд ажиллаж эхэлсэн байна. Эдгээр цэгүүд долоо хоногийн туршид 07:00-16:00 цагийн хооронд ажиллаж байгаа гэнэ.
Энд дуулгахад, Хятадын амьсгалын замын өвчний тэргүүлэгч мэргэжилтэн Жун Наньшань тавдугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл хийхдээ Хятадад халдварын шинэ давалгаа зургадугаар сарын сүүлээр оргилдоо хүрч, долоо хоног бүр 65 сая тохиолдол бүртгэгдэж болзошгүй хэмээн анхааруулж байв.
Хятадад өдгөө тархсан халдварын ихэнх тохиолдол нь XBB Omicron хувилбараар үүсгэгдсэн байгаа гэнэ. Дотоодод тархсан халдварын дунд ХВВ хувилбараар үүсгэгдсэн тохиолдол хоёрдугаар сард 0,2 хувийг эзлэж байсан бол тавдугаар сарын эхээр энэ үзүүлэлт 83,6 хувь болон нэмэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |