АНУ-д хувийн онгоц Вашингтоны агаарын орон зайд орж, улмаар онгоц анхааруулгад хариу өгөлгүй, ямар нэг байдлаар холбогдохгүй байсан тул онгоцыг Вашингтоны орон зайгаас шахан гаргахын тулд сөнөөгч онгоц амдан хөөргөж байсан ч нэг их удалгүй онгоц сүйрсэн талаарх мэдээлэл гарч байсан.
Вашингтоны агаарын орон зайг зөрчсөн хувийн онгоц сүйрчээ
Сөнөөгч онгоцуудаар амдуулж байгаад, дараа нь сүйрсэн Cessna Citation хувийн онгоц Флоридагийн Encore Motors of Melbourne компанид харьяалагддаг, энэ компанийн захирал нь Жон Румпель гэж "Нью-Йорк Таймс" сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сүйрсэн хувийн онгоцонд Румпелийн охин, хоёр настай зээ охин, асрагч болон нисгэгч байсан гэнэ.
The Daily Beast сонины мэдээлснээр, Румпель болон түүний эхнэр Барбара нар сүүлийн жилүүдэд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдэд мөнгө хандивлаж байсны дотор АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын сан руу "олон мянган доллар" хандивласан байна. Мөн Барбара Румпель Трампын захиргаатай "шууд холбоотой" гэж сонин онцолжээ.
Хувийн онгоц зургадугаар сарын дөрөвний өдөр сүйрсэн юм. Ослын газраас амьд хүн олоогүй. Румпелийн мэдэгдсэнээр, онгоц минутад 6000 метр хурдтайгаар доошилсон, ийм үед хэн ч амьд гарах боломжгүй гэнэ. Cessna Citation онгоц зургадугаар сарын дөрөвний өдөр Теннесси мужийн Элизабеттаунаас хөөрч, Нью-Йорк мужийн Лонг-Айленд дахь Макартур нисэх буудлыг чиглэн ниссэн байна. Гэсэн ч нислэгийн үеэр онгоц гэнэт Лонг-Айленд дээр буцаж эргэн, Вашингтоны нислэггүй бүс рүү оржээ. Агаарын диспетчер онгоцтой холбогдох гэхэд нисгэгч хариу өгөөгүй тул хоёр сөнөөгч онгоц хөөргөсөн байна. Гэхдээ сөнөөгч онгоцууд хувийн онгоц сүйрэх шалтгаан болоогүй гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |