Австрали, АНУ, Украин улс ашиглалтаас хасагдсан, 41 нэгж F/A 18 Hornet сөнөөгч онгоцыг Украинд илгээх асуудлаар хэлэлцээ хийж байгаа гэнэ. Энэ талаар Australian Financial Review агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, F/A 18-Hornet онгоцуудын заримыг нь хэдэн сарын дотор ашиглалтад оруулж болох бол нөгөө хэсгийг гагцхүү задалж, сэлбэг хэрэгсэл болгон ашиглаж болох аж. Эдгээр сөнөөгч онгоцыг Украин руу нийлүүлэхгүй бол устгалд оруулах эсвэл нисгэгчдийг сургах зорилгоор хувийн агаарын тээврийн компаниудад зарах гэнэ.
Австрали, АНУ, Украины хийж буй энэ хэлэлцээрийн талаар холбогдох эх сурвалжууд Australian Financial Review сонинд мэдээлэл өгсний дараа шинжээч Роберт Поттер энэ мэдээллийг баталсан байна. Сөнөөгч онгоцууд одоо Австралийн Ньюкасл бааз дээр байгаа аж.
F/A 18-Hornet сөнөөгч онгоц нь Америкт үйлдвэрлэгдсэн бөмбөгдөгч, довтлогч сөнөөгч онгоц юм. Энэ онгоцыг 1970-аад онд боловсруулж байлаа. Австралид байгаа энэ төрлийн онгоцыг Украинд нийлүүлэх асуудлыг АНУ дэмжиж байгаа бөгөөд сөнөөгч онгоцны оюуны өмчийн эрхийг АНУ эзэмшдэг тул Украинд эдгээр онгоцыг нийлүүлэхэд АНУ-ын зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |