Есөн настайдаа коллежид элсэн орсон Кловис Хунг мэргэжлийн таван дипломтойгоор төгссөн, Фулертоны коллежийн 108 жилийн түүхэн дэх хамгийн залуу төгсөгч болжээ. Энэ талаар "Лос-Анжелес Таймс"мэдээлжээ.
АНУ-ын Калифорнид амьдардаг Кловис Хунг долоон нас хүртлээ энгийн сургуульд суралцсан гэнэ. Хүү ердөө хоёрдугаар ангидаа ороод сургуульд сурахаас "уйдсан" тул 20 гаруй жил гэрийн багшаар ажилласан ээж Сонг Чой нь хүүгээ гэрээр сургах болжээ.
"Манай нөхөр болон хоёр охин намайг галзуурчихаж гэж хэлж байсан. Гэхдээ би зөн совиндоо итгэдэг. Хүү маань гайхалтай чадвартай гэдгийг би мэдэж байсан" хэмээн Чой сэтгүүлчид ярьжээ.
Гэртээ нэг жил суралцсаны дараа Кловис Фуллертоны коллежид элсэн орсон байна. Өмнө нь энэ коллежийг 2020 онд дөрвөн дипломтойгоор 13 настайдаа төгссөн Жек Рико Фулертоны хамгийн залуу төгсөгч болж байсан аж. Түүний түүхийг сонсоод урам зориг орсон Кловис энэ амжилтыг давтах хүсэлтэй байсан гэнэ.
"Би ч бас хамгийн залуу төгсөгч болох хүсэлтэй байсан. Гэхдээ түүний амжилтыг давчихна гэж төсөөлөөгүй" хэмээн Кловис ярьжээ.
Ингээд тавдугаар сарын 20-ны өдөр Кловис хүү Түүх, нийгмийн ухаан, Нийгмийн зан байдал ба өөрийгөө хөгжүүлэх, урлаг ба өөрийгөө илэрхийлэхүй, шинжлэх ухаан ба математик гэсэн таван чиглэлээр мэргэжилтний диплом гардан авсан байна. Түүний голч оноо нь 3,92 байжээ.
"Багш нар болон нэг ангийнхан хамгийн түрүүнд тавьдаг асуулт нь "чи хэдтэй вэ?" Тэд намайг энд байгаад ихэд гайхдаг, шалгалтаар хэд авсныг үргэлж асуудаг. Ингээд л хэсэг хугацааны дараа би тэдэнд хариуцлагатайгаар суралцахаар ирсэн гэдгээ харуулж, тэд ч миний чадварт итгэдэг болсон" хэмээн Кловис ярьжээ.
Кловси мөн сэтгүүлчдэд ярихдаа, суралцахад хүндрэл байгаагүй ч семестр эхлэх бүр өөр өөр хамт олонтой болж байгаадаа бага зэрэг сандарч, тухгүй байсан хэмээсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |