Газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох Монголын баг тусгай үүргийн онгоцоор өнөөдөр өглөөний 04:34 цагт Турк улсыг зорилоо. Онцгой байдлын аврагч, цэргийн эмч, сувилагч нараас бүрдсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй Монголын аврагчдыг Турк улсын Элчин сайд Зафер Атеш нисэх онгоцны буудлаас үдэн гаргажээ.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг Турк улсад 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.
Эмнэлгийн багт Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Цэргийн төв эмнэлгийн эмч багтжээ. Тэд Гэмтэл, Мэс засал, Яаралтай тусламж чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ. Эмч нар англи, турк хэлний мэдлэгтэй, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай алба хаагчид юм.
БНТУ-аас дэлхийн орнуудыг эрүүл мэндийн тусламж, эрэн хайх аврах ажиллагаа, хүнс болон хувцас хэрэглэлээр хангах хүмүүнлэгийн урилгыг гаргасан. Энэ дагуу Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээлээ.