Жил бүрийн намар долларын хэрэглээ бусад үеүүдээс эрс нэмэгддэг. Энэ жилийн хувьд цар тахлаас үүдэж, эдийн засаг саарсан, гадаад худалдааны эргэлт тэг зогсч, арилжааны банкууд ам.долларын хязгаарлалт хийсэн. Ингэснээр нийлүүлэлт байхгүй байгаагаас долларын ханш сүүлийн долоон хоногт 140 төгрөгөөр нэмэгджээ.
Есдүгээр сарын 19-ний байдлаар Монголбанкны нэрлэсэн ханш 3248 байгаа боловч Найман шарга зах дээр ам.доллар 3410 төгрөгт хүрээд байна.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ам.долларын үнэ ханш 3270 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 3410 төгрөг хүрч 140 төгрөгөөр нэмэгджээ.
"Найман шарга" худалдааны төвд очиход хөл хөдөлгөөн их байлаа. Ченжүүдээс ам.долларын эрэлт, ханш нэмэгдсэн эсэх талаар тодруулахад “Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж ам.доллар эрэлттэй, ханш өссөн. Мөн арилжааны банкнууд валютын хязгаартай худалдаалж байгаа нь ханш өсөхөд нөлөөлсөн” гэх тайлбарыг өгөв. Арилжааны банкнууд хязгаартай олгож байгаа учраас "Найман шарга" хөл хөдөлгөөнтэй байна гэдгийг хэлж байлаа.
"Найман шарга" худалдааны төвд ам.доллар 3400-3410 төгрөгийн хооронд байв. Бусад валютын хувьд ч үнэ өссөн бөгөөд ялангуяа юанийн ханш сүүлийн саруудыг бодвол илүү их өссөн гэв. Иргэдийн хувьд төгрөгийн ханш унаж, арилжааны банкнууд ам.доллар хязгаартай олгох болсонд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.
Иргэд: Банкнаас их хэмжээгээр ам.доллар солиулах гэхээр баахан л юм ярьж байна. Өдөрт нэг сая төгрөг солиулна гэхээр бас яаралтай үед маш хэцүү юм. Тиймээс л "Найман шарга" захаас өөр сонголт алга. Яг одоо бол 3410 төгрөг гэж байна маргааш хэд болохыг ч таашгүй. Эдийн засагчдын хэлснээр бол 3800 хүрнэ гэсэн таамаглал байгаа гэж сонссон ” хэмээн ярьцгааж байлаа.
Ц.Наранцацрал
Уншиж байна |