Одоогоос 100 жилийн өмнө 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох шийдвэр гарснаар энэ өдрийг Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн эхлэл гэж үздэг. Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, тэргүүлэх салбар болж хөгжиж байгаа уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Оюу толгой компанитай хамтран анх удаагаа зохион байгуулж байна.
Энэ сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, Монгол улс дахь гадаад орнуудын элчин сайд нар, уул уурхайн салбарын Олон улсын байгууллагууд, гадны хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчид, дотоодын хувийн хэвшлүүд, иргэний нийгмийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд гээд 400 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаагаагаараа онцлог, түүхэн арга хэмжээ болж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Манай улс өнгөрсөн 100 жилд орчин үеийн эдийн засагтай олон улстай худалдаа, эдийн засгийн харилцаатай орон болон хөгжихөд уул уурхайн салбарын оруулсан хувь нэмэр өндөр" гэдгийг онцлов.
Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төрийн оновчтой зохицуулалт, орон нутгийн засаг захиргааны зохистой оролцоо дутагдаж байна. Төр нэг гараараа зөвшөөрөл өгч, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталдаг байж болохгүй. Тиймээс уул уурхайн эрхзүйн орчныг дэлхийн нийтийн чиг хандлага, ногоон хөгжил, хариуцлагатай, ил тод засаглалын шаардлагад нийцүүлэн сайжруулахад анхаарах шаардлагатайг тэрбээр хэллээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн салбар ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, экспортын орлогын 94 хувь, улсын төсвийн орлогын 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг бүрдүүлж байна.
Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээж хэлсэн үгэндээ "Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч Уул уурхайн салбар маань нэгэн зууныхаа ажлыг дүгнэж, дараагийн зууныхаа чиглэлийг тодорхойлох, салбарын хөгжлийг эрчимжүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж эх орны тогтвортой хөгжлийн баталгааг бий болгох хариуцлагатай цаг үед ирээд байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ХАЙГУУЛ-ОЛБОРЛОЛТ-БОЛОВСРУУЛАЛТ-БОРЛУУЛАЛТ-ХУВААРИЛАЛТ-ын зарчимд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлж, энэ хүрээндээ хариуцлагатай уул уурхайг дэмжих, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэл өгч хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээг чиглүүлэн ажиллах" болно. Мөн эрдэс баялгийн салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа 3 гол хүчин зүйлийг "ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо багасаж байгаа, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл буурч хөрөнгө оруулагчид нэмэгдэхгүй байгаа, салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц эсэргүүцэл нэмэгдэж нөгөө талдаа хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай байсаар байгаа явдал" хэмээн тодорхойлоод энэхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлж, чуулга уулзалтад оролцогчдоос эдгээр тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн бүтээлч, санал санаачилгууд гарна гэдэг итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарынхан долоо хоногийн турш чуулж, Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж, гадны хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэхээр цуглаад байгаа нь энэ юм.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил" сэдэвт Засгийн газрын цаг, "Нэн тэргүүнд аюулгүй байдал" бага хурал, "Mongolia mining 2022" хөрөнгө оруулалтын форум, "EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд" бага хурал, "Гүний уурхайн симпозиум", "Үүсмэл ордын ашиглалт" онол практикийн бага хурал, "Орон нутаг ба иргэдийн оролцоо" бага хурал, "Үйлдвэржилтийн төлөвлөлт"онол практикийн бага хурал, Степ арена дахь "Монголд үйлдвэрлэв" ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
Уншиж байна |