УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчээ энэ долоо хоногт тодруулж дуусна. УИХ-ын нөхөн сонгууль явагдах хоёр тойрогт нийт есөн нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн.
Эрх баригч хүчин нэр дэвшигчээ тодруулах бага хурлын товоо зарлаагүй байгаа. Гэхдээ өмгөөлөгч н.Батжаваас эхлээд нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ горилогч өгөөд эхэлсэн. Хэдийгээр улс төрийн хүчнүүд нөхөн сонгуульд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авдаг ч намын бодлогоор л тодорно.
СЕХ М.Тулгат даргатай АН-д нөхөн сонгуульд оролцох эрхийг өгсөн. Үүнд О.Цогтгэрэл даргатай УИХ дахь АН-ын бүлэг түдгэлзсэн хандлагатай байгаа. Тиймээс ч УИХ дахь бүлэгтэйгээ ойлголцолд хүрэх, бусад улс төрийн намуудтай нэгдэх хүсэлтийг хүргүүлээд байгаа АН өнөөдрийн тухайд дорвитой үр дүнд хүрээгүй л байна.
Бусад улс төрийн хүчин, эвслийн тухай нөхөн сонгуульд оролцох батламжаа авснаас хойш нам жим болсон. Хуулийн хугацаанд есдүгээр сарын нэгний дотор нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорно.
Харин бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсэг цугуулснаар нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх нь нээгдэнэ. Сонгуулийн төв байгууллага есдүгээр сарын 6-ны дотор бусад нам, эвслүүдтэй зэрэгцэн бие даан нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах юм.
Хуулиараа бие даан нэр дэвшигчдэд дараах шаардлага тавигдаж байгаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас:
Нам, эвслээс нэр дэвших өрсөлдөх боломжгүй нэр бүхий горилогчид бие даан нэр дэвших магадлалтай гэж ажиглагчид үзэж байгаа. Тухайлбал, экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх сонгуулийн 28 дугаар тойрогт бие даан нэр дэвшинэ гэсэн бор шувуу өнгөрсөн долоо хоногт ниссэн. Учир нь өнөөдрийг хүртэл экс Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй.
Хэрвээ М.Тулгатын АН-тай тохироонд хүрч чадвал нэр дэвших ажиллагаа явагдах энэ өдрүүдэд намын гишүүнчлэлээ сэргээн батлахаа гардан авах хугацаа түүнд бий. Тиймээс л экс Ерөнхийлөгч Х.Баттулга намын гишүүнчлэлээ сэргээх үү, бие даан нэр дэвших үү гэсэн таамаглал ажиглагчдын анхаарлын төвд байгаа.
Нөгөөтэйгээр эргэн ирсэн Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг нь нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхээс МАН-ын даргын, Засгийн тусгаар тогтнол ч хамааралтай болоод байгаа. Учир нь өнөөдөр МАН-д төдийгүй Монголын улс төрд Н.Энхбаярын нүүдэл, шийдэл хүчтэй хэвээр байгаа. Тэгээд ч экс дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөр намын батлахаа өгсөн. МАН-ын шинэ дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багаа бүрдүүлж, намдаа бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй цаг үед нөхөн сонгууль явагдаж байна.
Тиймээс улс төрийн хүчнүүдийн нам доторх үл ойлголцол дундаас бие даан нэр дэвшигчид хүч түрэн өрсөлдөхийг үгүйсгэхгүй.
Н.Энхлэн
Уншиж байна |