Цар тахлын дараах бизнесийн орчныг “Executive summit 2020” зураглалаа

-Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг Монголдоо эзэмших боломж бүрдлээ-
Бизнесийн уламжлалт хэлбэрүүд хумигдаж байна. Цахимжилт хүч түрэн орж ирлээ. Хуучин арга барил хоцрогдож, хүмүүсийн амьдралын хэмнэлд хүртэл тодорхой өөрчлөлтүүд гарч эхэллээ. Бүхий л салбарт хүний оролцоог багасгах, өндөр технологи нэвтрүүлэх, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх үйл явц эрчимжиж байна. Бизнесийн салбар эргэлт буцалтгүй шинэ хуудас эхлүүлэхээр боллоо. Харин Монголын бизнесүүд технологийн хувьд ч, сэтгэлгээний хувьд ч бэлэн үү?
Цар тахлын дараах эдийн засгийн орчныг тандах эрэлт хэрэгцээ тэр хэрээр нэмэгдэж байна. Компаниуд стратеги төлөвлөгөөгөө дахин шинээр боловсруулж, гүйцэтгэх удирдлагууд суралцах, дахин суралцах шаардлагатай нүүр туллаа. Эдгээрийг хөндсөн, салхи хаашаа эргэж байгааг сонордуулсан “Executive summit 2020” сургалт-хэлэлцүүлэг цахимаар анх удаагаа Монголд боллоо. Цар тахлаас үүдэн хүндрэл, хямрал, агшилт, уналт бизнесийн орчныг доргиосон энэ өдрүүдэд уг арга хэмжээ болж байгаа нь цагаа олсны илрэл гэлтэй.
МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи”-ийн санаачилгаар байгууллагын гүйцэтгэх удирдлага, дунд шатны менежерүүд, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “1000 СЕО, 1000 хүчирхэг компани” бизнесийг дэмжих төслийн хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгууллаа. Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр Монголдоо эзэмших боломж бүрдлээ. Үүнийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин арга хэмжээний эхэнд онцолсон юм. Хоёр өдөр үргэлжлэх виртаул сургалт-хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Танхимын удирдлага цар тахлын дараах бизнесийн орчин, шинэ нөхцөлд бэлэн эсэх, үүнд компаниудын гүйцэтгэх удирдлагууд ямар үүрэгтэй талаар илтгэл хэлэлцүүллээ.
Тодруулбал, Бизнес академиас Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлэх гэрээ байгуулав. Гэрээний хүрээнд Танхимын гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн захирлууд, удирдах албан тушаалтнуудад манлайллын сургалтын хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон байна. Эхний сургалт ирэх оны нэгдүгээр сард товлогджээ. Эхнийх нь дунд шатны менежерүүдэд зориулсан 3 хэсэгтэй, 41 модультай, 4 сарын сургалт бол удаах нь Гүйцэтгэх дээд удирдлагууд буюу СЕО нарт зориулсан, тэднийг цар тахлын дараах сорилтод бэлтгэх, асуудлыг шийдэх чадварыг хөгжүүлэх хөтөлбөр байх юм.
“Зогсолтгүй хөгж, Сорилтыг удирд” уриатай “Executive summit 2020” сургалт-хэлэлцүүлэгт Монголын бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд уригдан оролцлоо. Тухайлбал, М-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, АПУ компанийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэг, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Анд Глобал компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Хос-Эрдэнэ гээд энэ цагийн бизнесийн салбарын ноён оргилууд байлаа.
Сургалт-хэлэлцүүлэгт оролцсон “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бэрхшээл, боломж нэг зоосны хоёр тал. Хөл хорио зөвхөн Монголд бус дэлхий нийтээр энэ байдал руу орж байна. Бизнес явуулах, аж амьдралаа авч үлдэх, бүхий л нөхцөл байдлыг эргэж харах, дасан зохицох, шинэ арга ухаанд суралцах, хүн хоорондын болон бизнесийн харилцаа, аялал жуулчлал, тээвэр ложистик, улс орнуудын худалдаа гээд бүх зүйлд өнөөдөр өөрчлөлт гарч байна. Эндээс хурдан сургамж авч, шийдэмгий хөдөлж, тогтсон уламжлалт арга барилаа өөрчилж, шинэчилж чадсан нь ялагчаар тодорно. Бид улс орноороо цар тахлын энэ үед эерэг манлайлал гаргаж, төрийн үйлчилгээг цахимжуулж, бизнесийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмаа илүү таатай болгохоос гадна шинэ гарч ирж байгаа технологийг цаг алдахгүй нэвтрүүлэх хэрэгтэй байна” хэмээн байр сууриа хуваалцсан юм. Түүний хувьд “Манлайллын давамгайлал” хэлэлцүүлгийн зочин оролцогч байлаа.
Харвардын их сургуулийн төгсөгч, эдийн засагч Б.Дөлгөөн “Хамтран ажиллах давуу талыг бий болгох нь” хэлэлцүүлэгт уригдсан юм. Тэрбээр “Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаагаар зогсохгүй хүн төрөлхтний нийгмийн амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөж байна. Өнөөгийн энэ нөхцөлд дэлхий нийт бүхэлдээ дижитал шилжилтэд маш хурдан хөрвөж эхэллээ. Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед бид ажиллаж, амьдарч байна. Бүх зүйл цахимд шилжиж, хүмүүсийн амьдралын хэв маяг хүртэл өөрчлөгдөх боллоо. Цахим шилжилт хурдсаж байна. Бид цар тахлыг дотооддоо алдахгүйн тулд өнгөрсөн 10 сарын хугацаанд бүх зүйлээ хааж, хязгаарлаж, зогсоож тэссэн. Гэвч одоо хэдийнэ алдсан тул бизнесээ ухаалгаар авч үлдэх сорилттой тулж байна. Цахимжилтаас манайх хоцорч яваа. Бүхий л салбарт энэ нь маш тод харагдах боллоо” гэв.
“Executive summit 2020” арга хэмжээг зохион байгуулагч “Бизнес академи”-ийн захирал Д.Асралт “Манай академийн зүгээс Харвардын гүйцэтгэх удирдлагын манлайллын болон менежментийн холимог хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болсон. Дунд шатны менежерүүд болон гүйцэтгэх дээд удирдлагын захирлуудад зориулсан үе шаттай сургалтыг явуулж эхэлнэ. Цар тахлын дараах сорилтод бэлтгэх, асуудлыг шийдэх чадварыг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөр чиглэнэ” хэмээн тэмдэглэсэн юм.
Хурд өнөө цагт бүхнийг тодорхойлж буй. Ийм үед ухаан жолоогүй зүтгэх бус харин ухаалаг ажиллах, өндөр бүтээмжтэй байх нь бизнес эрхлэгчдийн гол асуудал болж хувирсан байна. МҮХАҮТ-ын өнгөрсөн сард 200 ТОП компанийн дунд явуулсан судалгаанд боловсон хүчний хомсдолтой холбоотой хоёр бэрхшээлийг дурдсан байна. Үүнд, гүйцэтгэх түвшний удирдлагуудын чадвар, олдоц. Хоёр дахь нь, нарийн мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийн асуудал чухлаар тавигджээ. Эдгээрийг шийдэхэд манлайллын хөтөлбөр чухал үүрэгтэй гэж Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин тодотгосон юм.
Шинэ мянганы бизнесийг удирдан чиглүүлэх, тодорхойлох эрхмүүдийг “Бизнес академи” цаашид Монголдоо бэлтгэн гаргахаар болж байна. Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрт хамрагдах боломж нээлттэй бөгөөд цахимжилт энэ боломжийг хүртээмжтэй болгосоор. Цар тахлын дараах жилүүдэд ямар төрлийн бизнес улам тэлэх, шахагдах, шинээр ямар бизнес цэцэглэн хөгжих, шинээр орж ирэх, захирлуудаас ирж яваа цаг юу шаардах, ажилтнууд юунд суралцах шаардлагатайг энэхүү “Executive summit 2020” арга хэмжээ дуулгасан юм. Үүнийг дагаад хөдөлмөрийн зах зээлд, тэр тусмаа цалин урамшууллын системд, ажиллах нөхцөлд хүртэл томоохон өөрчлөлт гарахаар байна. Эдгээрийг “Executive summit 2020” хөндлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ