Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар хуралдаан цахим хэлбэрээр болж нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний нэг нь “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан явдал. Ингэснээр мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалт бий болж, олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж байна.
Журмаар үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын төлөөллийг багтаасан “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ӨЗБ /МҮЦАЭХ/ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор МҮЦАЭХ-ноос биржийн бус зах зээлийн нарийвчилсан харилцааг зохицуулсан журмуудыг боловсруулахаас гадна арилжааны цахим программ хангамжийн бэлэн байдлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн хангаж, биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа нээгдсэнээр компаниудын хувьд компанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг чухал ач холбогдолтой.
Түүнчлэн хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК хоёр” ХХК-д түрээсийн орлогоор буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олголоо. Ингэснээр цар тахлын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчид түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны хөтөлбөрт хамруулах нөхцөл бүрдэх юм.
Мөн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 263,885,433 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд нэмж бүртгэх асуудлыг хуралдаанаар шийдвэрлэлээ. Дээрх хувьцааг бүртгэснээр Монгол болон Канад Улсын иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн хувьцааг өмчлөх эрхийг бүртгэгч байгууллагадаа хүсэлт гаргах замаар Торонтогийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалах нөхцөл бүрдлээ.
Мөн хуралдаанаар “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэ журмын хүрээнд ангиллын нэршлийг олон улсын стандартад нийцүүлж, хугацаа хэтэрсэн өдрөөс хойш иргэн, хуулийн этгээдийн хувьд 30 хүртэл хоногт багтаан эргэн төлөлт хийгдсэн нөхцөлд хэвийн ангилалд бүртгэх, ангилал буурсан активын ангиллыг дээшлүүлэх зэрэг зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, чанаргүй активт бүртгэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн чухал зохицуулалтыг бий болголоо.
Хуралдаанаар мөн 18 иргэнд даатгалынтөлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нэг хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж. зээлийнхоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл мөн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйлажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэнэдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэхтусгай зөвшөөрлийг нийт долоон иргэн, нэг аж ахуйн нэгжид олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Харин нэг компанийн хөрөнгийн багцийн бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Эх сурвалж: СЗХ
Уншиж байна |