Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Д.Тунгалаг: Эдийн засгаа дэмжих үүднээс зах зээл рүү мөнгө хийх хэрэгтэй
2020-11-21

“Урбан жинс” компанийн үүсгэн байгуулагч Д.Тунгалагтай хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд үйлдвэрлэгчдэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгаа талаар ярилцлаа.

 

 

-Хатуу хөл хорио тогтоосон нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж эхэлсэн. Тухайлбал, танай компанийн хувьд ямар хүндрэл, бэрхшээлтэй өнөөдөр тулгарч байна вэ?

 

-Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон. Ажилчдынхаа цалин хөлсийг тавих хэрэгтэй болно. Банкны зээл, түрээсийн зардлаа ч төлөх шаардлагатай. Хөл хорио тогтоосон энэ 14 хоногийн хугацаанд өөрсдийн хуримтлуулсан нөөц боломжоо шавхаад компанийн хувьд ард нь гарахаар байна. Харин үүнээс цааш нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх бол хүндрэл мэдээж гарна. Үйл ажиллагаа нь нам зогсохоор үйлдвэрүүд эхнээсээ эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж эхэлнэ. Хөл хорионы хугацаа хэр удаан үргэлжлэх эсэхийг өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Нэмж орлого олохгүй болохоор цалингаа тавих мөнгөгүй болно гэсэн үг. Ажил эргээд хэвийн үргэлжлэх хүртэл багагүй хугацаа орно. Захиалгын ажлууд зогсож байна. Борлуулалт сэргэхэд сар болон түүнээс илүү хугацаа орно.  Орлоготой залгана гэдэг тодорхой бус болчихлоо.

 

-Танайх хэчнээн ажилтантай вэ. Цалин яах аргагүй аж ахуйн нэгжүүдэд том сорилт болчихлоо.

 

-Манайх 100 гаруй ажилтантай. Хөл хорио тогтоосны маргааш буюу 12-нд ажилчдадаа нөхцөл байдалтай холбогдуулан тусламж болгож 100, 100 мянган төгрөгийн тусламж олгосон. Өнөөдөр урьдчилгаа цалин тавьдаг өдөр. Энэ цалингаа ажилчдадаа олголоо. Дараагийн цалин 5-нд буудаг, үүнийгээ тавих харин амаргүй болж эхэлж байна. Хүмүүс орлогогүй болно. Орлогогүй болоод ирэхээр өдөр тутмын хоол ундаа яаж залгуулах уу, өөр бусад санхүүгийн асуудал ч гарч ирнэ. Хувийн хэвшилд бүгд л ийм байгаа байх. Цалингаа яаж тавих уу гэсэн бэрхшээлтэй бид нүүр тулж байна.

 

-Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудал яригдаж байна. Засгийн газар хувийн хэвшил, ажил олгогчдоо дэмжсэн, ажлын байраа хадгалах амьдралд тус нэмэртэй шийдвэр одоогоор гаргаагүй сууна. Та бүхэн ямар хүлээлттэй байна вэ?

 

-Өнгөрсөн хавар ажилчдын нийгмийн даатгалыг царцаасан, дээр нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан нь аж ахуйн нэгж болон иргэдэд томоохон дэмжлэг болж чадсан. Тэр үед өнөөдрийнх шиг тэг зогсолт хийгээгүй, үйл ажиллагаа тодорхой түвшинд явж байсан. Борлуулалт буурсан ч гэсэн үйлдвэрлэл тасалдаагүй. Одоо бол нөхцөл байдал өөр болчихлоо. Иргэдийн цалин буурсан ч өнгөрсөн хавар тодорхой орлоготой байсан. Хаврын арга хэмжээ үр дүнгээ өгсөн. Харин энэ удаа ямар арга хэмжээ авах гээд байгаа нь одоо хүртэл ойлгомжгүй, тодорхой бус байна. Нийгмийн даатгалыг царцаах талаар тодорхой шийдвэр алга. Илүү хүнд нөхцөл өнөөдөр бий болсон. Ажилтан болон ажил олгогчоос үл хамаарсан эрсдэл үүслээ. Ажил олгогч хөл хорио тогтоосон энэ үед ажилчдадаа өгч чадахгүй байгаа тэр тодорхой цалинг  төрөөс өгөх буюу түүнтэй нь тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоосой гэж бодож байна. Төр хараад зүгээр суугаад байвал тал талдаа хэцүү байдалд орох нь. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал ийм үед ихээхэн дэмтэй сонсогдож байсан. Зах зээл рүү мөнгө хийх хэрэгтэй. Усгүй бол хүн ангаж, цангана. Агааргүй бол хүн хором ч амьдарч чадахгүй. Үүнтэй адил эргэлтийн хөрөнгөгүй бол аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрнэ. Тиймээс бизнесийн үйл ажиллагааг дэмжих, мөнгөний урсгалыг сайжруулах үүднээс мөнгөжүүлэх замаар зогсонги байдлаас гарахгүй бол улам агшихаар байна. Эдийн засаг мөнгөгүйдэнэ гэдэг хямрал.

 

-Зээлээ хойшлуулах талаар судалж үзсэн үү?

 

-Тийм ээ. Харилцагч банкиндаа хандсан. Тэдний зүгээс үндсэн төлбөрөө хойшлуулж болно. Харин зээлийн хүүгээ хугацаандаа төлөх ёстойг сануулсан. Бидний хувьд ямар орлогоороо хүүгээ төлөх билээ. Бас л энэ асуудал. Засгийн газрын энэ удаагийн шийдвэр хавраас дордсон. Гэтэл нөхцөл байдал хэд дахин хүндэрсэн байна.  Өнгөрсөн хоёр сарын хугацаанд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн горим руу шилжиж, сайжраад ирсэн. Харамсалтай нь дотоодод ковид гарснаас болоод эргээд бизнесүүд хумигдаж эхэллээ. Нийгмийн даатгалыг хойшлуулах талаар яригдсан зүйл одоогоор алга. МҮХАҮТ бүх нийтийн бэлэн байдлын үед эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах саналыг Засгийн газарт хүргүүлсэн байсан. Үүнд маш чухал санал тусгагдсан байсан.

 

-Засгийн газар хүнд үед ажил олгогч аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн хөнгөлөлттэй зээл олгоно гэвэл танайх авах уу?

 

-Ийм дэмжлэг байдаг бол маш их хэрэгтэй байна. Ажилчдынхаа цалинг олгох, эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх гээд. Төрөөс аж ахуйн нэгжээ харж үзээд хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл өгнө гэвэл бизнес эрхлэгчид авахыг л бодно. Гэхдээ банк үүнийг дамжуулна гэвэл багагүй цаг хугацаа орно, удаашрах талтай. Ийм байвал шуурхай дэмжлэг болж чадахгүй. 2021 оны улсын төсөвт оруулсан сумын соёлын төв, спорт зал, гудамж талбай, хөшөө цогцолбор гээд нэн яаралтай бус бүтээн байгуулалтаа хойшлуулаад, үүний оронд ажлын байраа авч үлдэх санхүүжилт хувийн хэвшилдээ олгож чадвал энэ бодитой дэмжлэг болж чадна аа.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин