Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
О.Амартүвшин: “Ковид-19”-оос илүү ядуурал Монголыг нураах нь
2020-11-18

Бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Бизнесийн үйл ажиллагаа зогссон энэ цагт бизнес эрхлэгчдэд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?

 

-Засгийн газраас арваннэгдүгээр сарын 11-нд шийдвэр гаргаж хөл хорио тогтоосон. Төр засгийн шийдвэрүүд уялдаа холбоотой муутай, тодорхойгүй байгаа нь компаниудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Тухайлбал хүнс, эмийн салбар ажиллаж болно гэсэн боловч тэд дангаараа ажилладаггүй шүү дээ. Тэдгээрт бүтээгдэхүүн, түүхий эд, бараа материал нийлүүлдэг аж ахуй нэгжүүд байгаа. Дэлхийн улс, оронд нэмүү өртгийн сүлжээгээр нь асуудлыг шийдсэн байхад манайд тодорхойгүй нөхцөл байдал үүсчихсэн. Тээврийн хэрэгсэл явж болох ч юм шиг, болохгүй ч юм шиг ойлгомжгүй хэвээр байна. Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийхдээ бусад улс оронд ингэж болоод байгаа гэх зүйлийг ярьдаг. Хэрэв тэг зогсолт хийж байгаа бол иргэдийн аюулгүй амьдрах суурь нөхцлийг нь хангаж өгөх хэрэгтэй.  Нөгөө талд иргэдийг яаж амьдар гээд байгаагаа тодорхой болгож өгөхгүй бол болохгүй шүү дээ.

 

Танхимаас дөрөвдүгээр сард явуулсан судалгаанд нийт 10 мянга орчим хүн хамрагдсан. Үүний 72 хувь нь хадгаламж, орлого, бэлэн мөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл 3-4 хоног хоногийн хүнсийг хангахуйц мөнгөтэй. Үлдсэн 14 хувь нь 30 хүртэл хоноод үүнээс цааш ямар ч орлого байхгүй гэж хариулсан. Манай  ихэнх үйл ажиллагаа явуулж буй компаниуд жижиг, дунд, бичил байдаг. Ихэнх нь үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл тухайн өдрийнхөө орлогоор зардлаа нөхөж явдаг. Энэ оны нэгдүгээр сарын 27-ноос нөхцөл байдал хүндэрсээр есдүгээр сарын 1-нээс хорио суларсан. Үүнтэй зэрэгцэн үйл ажиллагаа жаахан сэргэж, хоёр сарын турш үйл ажиллагаа явуулсан ч байдал гэнэт хүндэрч бүх нийтийн хөл хорио тогтоолоо. Тэгэхээр компаниудад хуримтлал байхгүй. Бүгд зээлтэй. Сул зогсолтын мөнгөө ч өгч чадахгүй байгаа. Энэ мөнгийг өгч чадахгүй байна гэдгийн цаана хувийн хэвшилд ажиллаж байгаа 1 сая орчим хүний  ажлын байр, орлого үгүй болж байна гэсэн үг. Орлогогүй иргэдээ төр яах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

 

-Танхимын зүгээс шийдвэр гаргах түвшинд ямар санал, зөвлөмж хүргүүлж ажиллаж байна вэ?

 

-Хуулийг хараад үзэхээр бүрэн хөл хорионы үед Засгийн газар заавал журам батлах ёстой юм байна. Энэ журмыг бид хүлээж байгаа. УОК-ын Шуурхай штабтай өчигдөр уулзалт хийсэн. Мэдээллийн урсгал сул байна. Шийдвэр гаргадаг. Буцаад маш олон асуулт дагуулж байдаг. Ялангуяа хувийн хэвшлийг бүрэн орхигдуулчихаад байна. Үүнийг тодорхой болгох зүйлийг ярьсан.

 

Яг энэ цагт улирлын зааг үе таарч байна. Барилгын суурь, дээвэр хучилт хийж байсан компаниудад технологийн алдаа гарч байна. Одоо сууриа тавьчих юм бол газар гэсэхийг хүлээхгүй цаг хэмнэдэг давуу талтай. Гэтэл одоогоор 30-аад компанийн суурийн ажил явагдаж байсан ч хөл хорио тогтоосноор технологийн алдаа гарч, хохирол амсч эхэллээ.

 

Энэ зунжин дэлхий даяар “Ковид19” цар тахал гээд ноос, ноолууран бараа бүтээгдэхүүний экспорт маш хүнд байсан. Мөн рапс буюу тосны ургамлын экспорт зогсоход хүрлээ. Есдүгээр сараас гэрээнүүд эхэлсэн. Гэтэл гэнэт үйл ажиллагаа зогсчихсон. Ноолуур үйлдвэрүүд үйлдвэр дээрээ байрлаад ажлаа явуулах санал гаргаад байгаа. Хэрэв гэрээ зогсвол дахиж экспортын гарцыг нээнэ гэдэг асар хүнд. Рапсийг удаан хугацаанд хадгалж болдоггүй бүтээгдэхүүн шүү дээ. Тиймээс л салбар салбараар нь асуудалд ул суурьтай хандахыг хүсч байгаа.

 

-Аюулгүй байдал чухал. Бас иргэдийн орлого тасалдахгүй байх нь ч чухал. Бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулах боломжийг судалсан уу?

 

-Бид бүх мэргэжлийн холбоо компанид хандан саналыг авсан. Нийт дөрвөн багц 30 саналыг албан ёсоор Засгийн газар, УИХ-д хүргүүлж байна. Нэгдүгээрт, хүнс, эмийн салбарын үйл ажиллагааг зөв зохион байгуулахтай холбоотой, хоёрдугаарт иргэдийн орлогыг хамгаалах, гуравдугаар хатуу хөл хорио бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах, дөрөвдүгээрт бизнесийн үйл ажиллагааг сэргээх, дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг хүргүүлж байгаа юм. Аюулгүй байдал мэдээж чухал. Нөгөө талд эдийн засгийн эрүүл мэндийг хамгаалахгүй бол үүнээс том хохирол бий болно. Нийтээрээ иргэд орлого багатай байна. Энэ орлого ажлын байраар хангагдана уу гэхээс төр байнга бэлэн мөнгөөр дэмжээд байж чадахгүй шүү дээ. Үүнийг зөв удирдан зохион байгуулах нь чухал байна.

 

-Ерөнхийлөгч өрх бүрийг 1 сая төгрөгөөр дэмжих санал гаргасан ч энэ санал Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэнгүй. Үүнийг та юу гэж харж байна вэ?

 

-Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд үнэлэлт, дүгнэлт өгөөд өөрийн саналыг хүргүүллээ гэж ойлголоо. Ковидоос илүү ядуурал Монголыг нураах гээд байна. Өдөр бүр орлогоо олж амьдардаг иргэдэд 14 хоног хөл хорионд зүгээр л гэртээ бай гэдэг шийдвэр маш хүнд тусч байна. Яаж хоолоо залгуулах вэ. Засгийн газрын хуралдааанаар хүлээж авахгүй гэж хэлэх амар байх. Тэр иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа шүү дээ. Өвлийн хахир цаг ирчихлээ. Орон нутагт асар олон асуудал байгаа. Энэ асуудлыг хянаж чадахгүй бол нийгэм эмх замбараагүй байдалд орно. Хурд маш дутмаг байна. Ялангуяа Сангийн яам үүнд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.

 

Энд нэг зүйл бий. Бүх судалгаагаар иргэд, компани, аж ахуй нэгж ч тэр банкны зээлтэй холбоотой асуудлыг маш ихээр хөндсөн байдаг. Борлуулалт үгүй болохоор эргэлт үгүй болсон. Өнгөрсөн хугацаанд Монголбанк шийдэмгий арга хэмжээ авсан боловч хямд эх үүсвэртэй зах зээлийг мөнгөжүүлэх ажлыг хийгээгүйгээс маш олон компани эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон. Тиймээс энэ удаад Монголбанк үүнд хатуу анхаарч банкуудыг мөнгөжүүлэх, буцаад банкууд түүгээр зээлийг дахин шинэчилж аж ахуй нэгжүүдэд нэн хөнгөлөлттэй зээлийг боломжит хэмжээ, хугацаатайгаар олгох ажлыг зайлшгүй хийхгүй бүрэн зогсолт хийх болно. Тэгэхээр энэ бол онцгой анхаарах асуудал. Бусад улс орнууд ажлын байрыг хамгаалахын тулд хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн арга хэмжээ бол энэ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин