Хойд эцгийнхээ гарт амиа алдсан есөн настай бяцхан охины үхэл нийгмийг дахин сэрээх шиг болов. “Лантуун дохио” ТББ-ын санаачилагч Ч.Ганжавхлан тэргүүтэй хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болж чаддаг олон хүмүүс нэгдэн хүн байхыг, хүний төлөө сэтгэлтэй хөрш байхыг, хүчирхийллийг үл тэвчиж илчлэхийг уриалж байна. Энэ уриалгад нэгдэж би ч мөн өөрт тохиолдсон, нуугаад өнгөрсөн, хохирчихоод хараалгаж зүхүүлээд өнгөрсөн нэг жишээг илчлэхийг хүслээ. Энэ зөвхөн надад нэг удаа тохиолдоод өнгөрсөн жишээ биш. Эрт орой хэзээ нэг цагт илд далд олон хэлбэрээр охид, бүсгүйчүүд ийм хүчирхийлэлд өртөж байсан.
Ажил хичээл тарах “оргил” цагаар автобус дүүрэн хүнтэй байх тул хэн нэгэн биед хүрэхгүй, шахцалдахгүй байх боломжгүй. Энэ байдлыг далимдуулж гаж хүсэлтнүүд охидын биед зориудаар наалдан зогсоод бэлгийн харилцааны үйлдлийг бодит мэтээр төсөөлж хүслээ “хангаж” явдаг. Автобусны жолоочийн тоормослох, хүн буухаар зөрөх, зайгүй шахцалдах бүрт хөдөлж, хүзүүн дээр амьсгаадна. Харин охид, эмэгтэйчүүд эхэндээ “Ямар их шахаж байна вэ” гэж итгэхийг хичээдэг. Гэтэл тийм бишийг тун удалгүй ойлгодог ч автобус дүүрэн хүн дунд гаж донтны эл үйлдлийг ил зарлачихаж чаддаггүй.
Яг энэ хүчирхийлэл 2014 онд надад тохиолдсон. Оюутан байлаа. Өвлийн үдэш хичээлээ тараад харихаар автобусанд суув. Дээр дурдсан үйлдлийг мэдээд чимээгүйхэн шиг гүйгээд буучихсан. Гэтэл өнөөх “гаж донтон” дагаж буугаад харанхуйд араас дагасан. Айсандаа замын дэлгүүрт ороход цонхон дор намайг гарч ирэхийг хүлээн зогсож байгаа нь харагдсан. Гэрээсээ хүн дуудаж байж сая эсэн мэнд харьсан.
Дараа нь 2019 онд энэ хүчирхийллийг дахиад л автобусанд мэдрэв. Энэ удаад оюутан байхаа болиод овоо “том” хүн болсон тул зориг гаргаад “Чи гаж юм уу” гэж олон дунд чанга дуугаар хэлчихэв. Бүдүүн, хар бор царайтай 20 гаруй насны залуу “Юу гээд байгаа муу г..чий вэ. Ална шүү чамайг” гэхэд автобус дүүрэн хүмүүсийн нүд сэргэж биднийг харсан. Гэхдээ хэн ч асуудалд хошуу дүрээгүй. Түүний “Ална шүү” гэдэг үгнээс дахиад л айсан тул би хоёр ч буудлын наана буугаад гэр рүүгээ алхсан.
Энэ зөвхөн надад тохиолдсон жишээ биш. Оюутан байхдаа ангийнхандаа ирээд хэлэхэд “Хүүе, намайг бас саяхан автобусанд явж байтал....”гэж яриа дэлгэсэн. Дараагийн тохиолдлыг ч ажлынхандаа ирээд ярихад “Тийм хүмүүс хаа сайгүй. Манай охиныг бас....” гээд л дуу нэмсэн. Бид “гаж” хүсэлтнүүдийн энэ үйлдлийг айгаад, залуу жаахан охид ичсэндээ зарлаж, гомдоллохгүй явсаар тэд даварч байна.
Ингэх л ёстой мэт, дур зоргоороо аашлах л учиртай мэт хэлсэн, илчилсэн заримыг “ална” гэж заналхийлж, дагаж буугаад отоод зогсож байна. Тиймээс бид “Хүчиндүүлчихээгүй нь их юм” гэж санаа амрах биш. Хүчирхийлэхийг завдсан гэдэг гомдлыг цагдаад гаргаж өгч хүчирхийллийн эсрэг хүч болмоор байна.
Энэ мэтчилэн “гаж” хүсэлтнүүд таныг сэтгэлзүй болон бие махбодийн дарамтад оруулсан, оруулж байгаа бол айж, зоволгүй тэр даруйд нь цагдаад хандахыг уриалж байна. Би чадна. Та ч бас чадаарай. Хэдий болтол бид хүчирхийлэгчдийг хүлцэж, хохирчихоод хариуд нь доромжуулж, заналхийлүүлж явах вэ. Хүчирхийллийн эсрэг, хүчтэй зоригтой тэмцье.
Г.Сүрэн