-Дэлхий гэмт хэрэгтний сэтгэлзүйн онцлогийг судалж байхад манайд зөвхөн мэдээлдэг-
Хэн ч хэрэгтэн болохыг хүсдэггүй. Гэхдээ яагаад хэрэг хийчихээд байдаг юм бол? Энэ асуултад хариулт хайж манай сайт “ШҮҮХ ТАНХИМААС” цуврал нийтлэл бэлтгэн хүргэдэг. Энэ удаад гэмт явдлын шалтгаан нөхцөл, гэмт бие хүнийг судалдаг Криминологийн шинжлэх ухааны талаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Монголын Криминологичдын холбооны судлаач О.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Танай холбооны лого дээр байгаа латин үг ямар учиртай вэ. Эндээс яриагаа эхэлье.
-Cessante causa, cessat effectus. Шалтгаан үгүй бол үр дагавар үгүй гэж монголчилмоор юм уу даа. Ер нь аливаа юмыг засъя, зөв болгоё гэвэл түүний уг шалтгааныг эхлээд засах ёстой гэсэн санаа илэрхийлсэн, криминологийн шинжлэх ухааны үндсэн философийг илэрхийлсэн уриа үг л дээ.
-Яагаад гэмт хэрэг гараад байна вэ гэдэг асуулт тантай уулзах шалтгаан боллоо. Энэ асуултад криминологчид хамгийн оновчтой хариултыг өгөх бололтой. Эхлээд та криминологичид болон криминологийн шинжлэх ухаан гэж чухам юу болох талаар энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Криминологи бол их сонирхолтой атлаа адармаатай шинжлэх ухаан л даа. Товчхондоо бол хүн төрөлхтний мөнхийн асуудлын нэг болсон гэмт хэрэгтэй хэрхэн зөв тэмцэх вэ гэдгийг олон талын өнцгөөс харж судлан, шийдэл хайдаг шинжлэх ухаан. Хүний хөгжлийн бүхий л цаг үед гэмт хэрэг гэдэг нийгмийн сүүдэр байсаар ирсэн. Хатуу ширүүн ял шийтгэлээр айлгаад, хашраагаад үр дүн тэр бүр өгдөггүй. Жигшүүртэй гэмт хэрэгт хохирсон хүн ч, хэргийг харсан, үзсэн, сонссон хүн ч хорсож бухимдахдаа гэмт хэрэгтнийг хатуу чанга цээрлүүлэхийг л урьтал болгодог. Гэсэн ч нөгөө гайхал гэмт хэрэг нь буурах биш улам нэмэгдээд байдаг. Тиймээс л гэмт хэрэг юунаас болоод гараад байна. Яавал гэмт хэрэг гарахад хүргэдэг шалтгааныг арилгах вэ гэдэг асуултын хариуг эрэлхийлж эхэлдэг. Ингэж гэмт хэргийн учир шалтгааныг нь олж нэгэнт гарсан гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэгтнийг шийтгэх гэхээсээ дахин гэмт хэргийг гаргахгүй байхын тулд яавал дээр вэ гэдгийг хайж олдог шинжлэх ухааныг л криминологи гээд байгаа юм.
-Хэрэг гарлаа, ял оноолоо л гэж мэдээлдэг. Тэгвэл хэрэг чухам ямар шалтгааны улмаас, яагаад гараад байна вэ гэдэгт хариулт олддоггүй. Харин криминологчид үүнийг судалдаг юм байна. Монгол Улсад гарч буй гэмт хэрэг, явдлын шалтгаан нөхцлийн талаар та юу хэлэх вэ?
-Би таны асуултад санал тавьж хариулая. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгэлээр ноцтой, олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлж дуулиан шуугиан болохоос хэтрэхгүй байна. Гэтэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн соён гэгээрүүлэх ажил болж чадах билүү. Үүний оронд магадгүй манай холбоотой хамтраад тодорхой хэргүүдийг мэдээлэхээс гадна тэр төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцлийн талаар, яавал тийм хэргүүдийг цаашид гаргуулахгүй байх талаар мэдээлэл өгч хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдэг саналыг тавья. Тэрнээс Монголд гарч байгаа гэмт хэргүүдийн шалтгааныг одоо тоочвол бусдыг чилээсэн урт яриа болох биз.
-Криминологичид гэм хэрэгтний сэтгэлзүйг ч судалдаг. Ямар сэтгэлзүйтэй байсан хүн ихэвчлэн хэрэгт холбогддог бол? Үүнд Криминологийн шинжлэх ухаан тодорхой хариулсан байдаг болов уу?
-Энэ их сонирхолтой сэдэв. Манай криминологийн шинжлэх ухаанд энэ сэдэв орхигдсон гэж хэлж болох манай салбарын “цагаан толбо” гэх үү дээ. Дэлхий дахинд бол энэ чиглэл хөгжөөд гэмт хэрэгтний сэтгэл зүй төдийгүй бие физиологийн онцлогийг хүртэл судалж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон ял шийтгэлийн бодлогодоо тусгадаг болчихсон. Урьд нь манайд криминологийн энэ чиглэл, хандлагыг нилээдгүй шүүмжилж хүнийг төрөлхийн гэмт хэрэгтэн болж төрдөг хэмээн үздэг харгис онол гэж шүүмжлэх хандлагатай байсан юм.
-Төрөлхийн гэмт хэрэгтэн байдаг гэж үү?
-Огт тийм биш л дээ. Хүн гэмт хэрэгт холбогдоход тухайн хүний бие махбод физиологийн болон сэтгэл зүйн хүчин зүйл нөлөөлдөг гэсэн үг. Тухайлбал, хүүхдийг жишээ болгоё. Хүүхэд, өсвөр насныхан яагаад гэмт хэрэгт холбогддог гэж та бодож байна вэ? Хүүхэд өсвөр насныхан хэрэгт холбогдохын уг шалтгаан нь тэр чигээрээ л өсвөр нас гэдэг бие физиологийн онцлогоос болдгийг орчин үеийн шинжлэх ухаан тогтоочихсон юм шүү дээ. Нас бие гүйцэж ядаж, шилжилтийн үедээ яваа өсвөр насныхны өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ, бие махбодид нь гарч байгаа өөрчлөлт, шинэ шинэ хэрэгцээг хангах учраа олохгүй, тэрэнд нь тусалж дэмжих хүнгүй байгаа зэргээс болж хүүхэд алдаа гаргадаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэе гэвэл хүүхэд, өсвөр насныхны бие физиологи, сэтгэл зүйн онцлогийг судалж, тэдэнд тохирсон хуулийн бодлого хэрэгтэй л гэсэн үг.
-Тэгвэл гарц, шийдэл нь юу вэ? Яавал гэмт хэргийн гаралт буурах бол?
-Шийдэл нь үндсэндээ гурван төрлийн арга хэмжээ л байдаг. Нэн тэргүүнд гэмт хэргийг илрүүлж таслан зогсоох ёстой. Үгүй бол гэмт хэрэгтэн улам давраад, цаашлаад илүү ноцтой хэрэг үйлдэх эрсдэл бий. Үүний төлөө хууль сахиулах байгууллагууд бүх хүч бололцоогоо дайчлан, цаг наргүй ажилладаг. Хоёрдугаарт, илрүүлсэн хэргээ шийднэ, гэмт хэрэгтнийг цээрлүүлнэ, ял шийтгэл онооно. Гуравдугаарт, хэргийг илрүүлж, хэрэгтэнд хариуцлага хүлээлгэсний дараа хэргээ судалж юунаас болж гэмт хэрэг гарав, яавал дахин гаргуулахгүй байхав гэдгээ олж тогтоох ажлыг хийнэ. Шалтгаан үгүй бол үр дагавар үгүй гэдэг зарчмаар л явна гэсэн үг.
-Манайд урьдчилан сэргийлэх чиглэлээр "Нэг хором", "Яараад яах вэ дээ", "Ятгах тусам нягтал" гээд цөөнгүй аян зохиогддог. Үр дүн нь ажиглагдах юм уу?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс сүүлийн жилүүдэд ихээхэн ултай судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулж чамлахааргүй үр дүнд хүрч байгаа. Манай холбоо ч энэ ажилд олзуурхан оролцож баяртай байдаг юм. Ер манай нийгэмд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэдгийг жаахан буруу ойлгочих гээд байдаг талтай. Үгийн утгыг нь өнгөцхөн бодоод ямар нэгэн хэргийг гаргахгүй байхын тулд л арга хэмжээ авах ёстой гэж бодоод байдаг. Гэтэл урьдчилан сэргийлэх ажил гэдэг маань урьдын явдлаас сургамж авч дахин гаргуулахгүй байх гэсэн утга санаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, гарсан хэргээ судалж ямар учраас хэрэг гарсан шалтгааныг тогтоож, ямар нөхцөл бүрдсэнээр хэрэг гарахад түлхэц өгөв гэдгийг тодруулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх ажил хийх ёстой. Түүнээс зүгээр л ийм юм гарч болзошгүй нь гээд сэргийлээд сэрэмжлүүлээд байхын нэр биш юм. Латин хэлээрээ ч prevention гэдэг үг урьдын явдлаа санаж сургамж авах гэсэн утгатай л даа.
-Монголын Криминологчдын холбооны талаар мэдээлэл өгч болох уу?
-Бид өнөөдөр эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан, уур бухимдал төрүүлсэн мэдээнээс мэдээний дунд амьдарч байна. Одоо бид аливаа юмыг ул суурьтай судалж асуудлыг шийддэг, юмны зөв гарц шийдлийг олж хөгжих нь чухал гэж бодож, үүний төлөө бид зорьдог юм.
Монголын Криминологичдын Холбоо нь анх 1999 оны 06-р сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шинэчлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэн явуулж байна. Манай холбоо криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага. Манай холбооны гишүүнчлэлтэй, криминологийг сонирхон судалдаг олон тооны эрдэмтэн, судлаачид байдаг.
Мөн криминологи сонирхогч оюутан, залуу судлаачдыг нэгтгэх, тэднийг хөгжүүлэх, ирээдүйн криминологич эрдэмтдийг бэлтгэх зорилгын хүрээнд МУИС-н Хууль зүйн сургууль, Их засаг их сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулах их сургууль, Монголын Үндэсний их сургуулийн Хууль зүйн сургуульд салбар клубууд байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр оюутан, залуучуудад эрүүгийн эрх зүй болон криминологийн шинжлэх ухааны хүрээнд цуврал лекцийг тогтмол зохион байгуулж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Г.Сүрэн