НМХГ-аас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Түүхий нүүрсийг хориглох тухай, цар тахлын үеийн эрсдэлийг бууруулахын төлөө өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар НМХГ ажиллаж байгаа аж. Нийслэлийн гэр хороололд 99 хороо хамрагддаг юм байна. Агаар орчны бохирдлыг бууруулах, угаарын хийг мэдрэгч ба үүнийг ашиглах талаар хяналт мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжсэн тогтоолд нийслэл хотын таван хороо сайжруулсан шахмал түлш хэрэглэх заалтад ороогүй учраас түүхий нүүрсийг хэрэглэжээ. Харин энэ жилээс уг заалтад тус таван хороог нэмж түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон байна. Иймээс шахмал түлшийг шинээр хэрэглэж эхлэх хороодод үзүүлэн сургалт явуулж, хэрхэн шахмал түлшийг зөв, эрүүл ахуйн аюулгүй байдлыг ханган ашиглахыг зааж байгаа гэнэ.
Агаарын бохирдолд авто тээврийн хэрэгсэл нөлөө ихтэй. Тэр дундаа дизель хөдөлгүүрт машин өндөр хувийг эзэлдэг. Энэ жил ачаа тээвэр эрхэлдэг 17 аж ахуйн нэгжийн 287 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтыг хийснээс 70 хувь нь стандартыг давсан. Эдгээр нь бараа бүтээгдэхүүн тээвэрлэж хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэл юм.
"Таван толгой түлш" компани нь нэгдүгээр сараас наймдугаар сарын хугацаанд сайжруулсан шахмал түлшнээс 25 удаагийн дээж авч шинжилсэн. Шинжилгээний зорилго нь энэ өвлийн хэрэглэх түлш Монгол Улсын стандартад нийцэх эсэхийг шалгажээ.
Улаанбаатар хотын хилийн дээсүүдэд түлш хулгайгаар оруулж ирэх тохиолдол гардаг. Тиймээс Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ажилчид шалган нэвтрүүлэх товчоонд эргүүлээр гарч шалгалтын ажлыг хийж байна. Энэ үеэр түүхий нүүрсийг Улаанбаатар хотын газар нутаг руу оруулахгүй, сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргахгүйгээс гадна хууль бус ангийн наймаа, мансууруулах төрлийн өвс, ургамлыг нэвтрүүлэхгүй байхад анхааран шалгалтыг хийж байна гэж мэдээллээ.
Э.Үүрийнцолмон
Уншиж байна |