Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл /2020.09.01/ хийлээ. Улсын Онцгой комиссоос өнгөрөгч наймдугаар сард нийт 4069 иргэнийг эх оронд нь татан авах ажлыг зохион байгуулжээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар 63 тусгаарлан ажиглах байранд нийт 3231 иргэн байна. Өнгөрөгч наймдугаар сард 13068 иргэн гэрийн ажиглалтаас гарч хэвийн амьдралд шилжсэн. Тусгаарлах байрны зориулалттай зарим амралтын газар, зочид буудлууд маань өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид маань хичээл сургууль эхэлж байгаа учраас олон хоногоор ажиллах боломжгүй болсон зэрэг хүндрэл тулгарч эхэллээ. Одоогоор зургаан буудал, амралт сувиллын газрууд цаашид тусгаарлан ажиглах байрны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас татгалзаад байна" гэлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Есдүгээр сарын 9-ний өдөр үйлдэгдэх байсан Токиогийн нислэгт өөрчлөлт орж есдүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдэхээр болсон гэдгийг мэдэгдье. Өнгөрсөн хугацаанд нийт 66 удаагийн нислэгээр 13600 мянган иргэнийг эх оронд нь авчраад байна.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны үүдэнд манай иргэд суулт хийж байгаа. Гэтэл БНСУ-д халдварын хоёрдахь давалгаа эрчимтэй явагдаж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмийг чангатгасан. Манай иргэд энэ халдвар, хамгааллын дэглэмийг сахиж өөрсдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулахгүй байхыг хүсч байна.
Мөн гадаад улсын иргэдийг авчирсантай холбоотой шүүмжлэл гарсан. Зөвхөн гадаадын иргэдийг авчрах нэг удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 16 улсын 100 иргэнийг "Рамада" зочид буудалд тусгаарласан. Үүний цаана эдийн засгийг дэмжих маш олон арга хэмжээ, ажил явагдаж байгаа гэдгийг ойлгохыг хүсч байна" гэлээ.
Мөн тусгаарлах байрны зөрчил тасрахгүй байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийв. Тухайлбал "Байрны орчин бохир", "Интернет байхгүй", "Эх орондоо ирээд бид хятадын буудалд байрлахгүй" зэрэг яриа, өгүүлэл байнга гаргаж байгаа аж.
"Энэ мэтчилэн дураараа авирласан, эх орноо дорд үзсэн маш олон зөрчил илэрдэг. Тэр бүгдийг УОК-оос мэдээллээд байдаггүй. Монгол Улс нөөц боломжиндоо тулгуурлан иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа" гэж хурандаа Б.Ууганбаяр мэдээллийн төгсгөлд хэллээ.
Г.Сүрэн