НМХГ-аас сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсролын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш энэ талаар мэдээлэв.
Тэрбээр:
-2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаа хийх явцад тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтийг давхар шалгасан. Тухайлбал, БШУ-ны сайдын тушаалыг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлууд гарсан. Уг тушаалаар танхим дахь хүүхдийн тоог зааж өгсөн. Нэг танхимд 20-25 сурах ёстой. Хүүхэд хоорондын зайг сайдын тушаалаар 1,5м гэж журамласан. Энэхүү журамд заасан хэмжээг сургуулиудад очихоор барих боломжгүй, хүүхэд хоорондын зай 40-50см байсан.
2020 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн үдийн цай нь “үдийн хоол” болохоор хуульчилж өгсөн. Гэхдээ энэ боломжгүй учраас үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн хүүхдүүдийн цайны цагны хугацаа уртсаж өдөрт дөрвөн удаа бэлтгэн гаргах учир халдваргүйтэл цэвэрлэгээнд саад гарч байгаа. Иймд НМХГ-аас тавьж буй санал нь үдийн цайг хэрэгжүүлэхдээ хүнсний үйлдвэрлэлийн тэжээллэг чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэрэгтэй.
Багш нар хувиасаа цэвэрлэгээний материалыг гаргаж байгаа. Ангийн цэвэрлэгээ сайн хийгдэж байгаа ч цэвэрлэгээний материалыг төсөвт суулгаж өгөөгүй учраас хүндрэл гарч байгаа. Иймд үүнийг төсөвт суулгахад эрх зүйн орчин шаардлагатай байна. Сургуульд нийтийн эзэмшлийн зам талбайг халдваргүйжүүлэх төсөвтэй байдаг. Нийтдээ 501 сургуулиас халдваргүйжүүлэлт хийсэн байдлыг шалгахад 350 нь хийсэн, 151 сургууль төсөв мөнгөний асуудлаас болж хийгээгүй байсан.
3200 сурагчтай сургуульд үйлчилгээний 7 ажилчны орон тоо байдаг. Энэ ажилчдын ачаалал хэт ихсэж байна. Тиймээс энэ ажилчдын тоог нэмэх шаардлагатай.
Цайны газартай холбоотой дараах саналыг холбогдох төрийн байгууллагад тавьж байна. 2019 оны төлөвлөгөөт шалгалт, 2020 оны нэгдүгээр улиралд хийсэн тандалтаар төрийн өмчит сургуулийн 48,8 хувь нь зориулалтын бус цайны газартай. Дөрвөн хувь нь цайны газаргүй. Төрийн бус өмчийн сургуулийн 68,8 хувь нь зориулалтын бус цайны газартай. 7,7 хувь нь цайны газаргүй байсан. 2020 оны хичээлийн жилд хагас жил хичээл сургууль цуглаагүй үед засвар үйлчилгээ хийгдээгүй тул гал тогооны тоног төхөөрөмж хуучирсан, хүрэлцээгүй, ажилчид нь тогтвор суурьшилгүй байнга солигдон ажилладаг. Зарим газрууд хүнсний зориулалтын тээвэрлэлтийн хэрэгсэлгүй зэргийн зөрчил дутагдлууд илэрч байгаа. Тиймээс энэ үдийн цайны тулгамдаж буй асуудлуудыг яаралтай зохицуулах шаардлага гарч байна.
Нийт шалгалтад хамрагдсан сургуулиудын 150 буюу 30 хувь нь халдваргүйтгэл хийгээгүй байсан учраас халдваргүйтэл хийх төсвийн асуудлын яаралтай суулгаж өгөхгүй бол төсвөөс хамааран халдваргүйтгэл хийхгүй хичээлийг эхлүүлэх асуудал тулгамдаж байна гэж мэдээллээ.
Э.Үүрийнцолмон
Уншиж байна |