Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигчийн амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал 2020.08.23-ны өдрийн 10 цаг 20 минутын орчим СБД-ийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, “Сансар-32” худалдааны төвийн баруун замд T.Prius маркийн Б жолоочтой автомашин нь явган зорчигч 41 настай эмэгтэй О, 51 настай эрэгтэй Э нарыг мөргөсөн байна.
Ослын улмаас 51 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирчээ. Осол гарах үед жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд драгераар үлээлгэхэд 1,37 бүхэл гарсан аж.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Мөн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 204 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажиллажээ.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.
Уншиж байна |