ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Өмнөх жилүүдийн эрх зүйн шинэтгэлийн давлагаанд хувийн эрх зүйн салбар буюу иргэний эрх зүйн салбар, арилжааны эрх зүйн зохицуулалт өртөөгүй. Тэр утгаараа эрх зүйн шинэтгэлийн дараах бүлэглэлд хийхээр төлөвлөж байна.
Үүнд хамгийн түрүүнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлье гэсэн уриан дор ажиллана. Энэ хүрээнд хувийн эрх зүйн салбарын, шүүх эрх мэдлийн, эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, Эрүүгийн эрх зүйн, бусад хууль тогтоомжийн шинэтгэл гэсэн таван үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ.
1994 онд батлагдсан Иргэний хуулиар гэрээний үүргийн төрөлд нэрлэгдээгүй гэрээ гэсэн зохицуулалтаар иргэд хоорондын барьцаалан зээлдүүлэх газар, тэдний мөнгөн зээлийн ажлыг зохицуулж ирсэн. 2020 оны хуулиар энэ нэрлэгдээгүй гэрээний заалтыг халсан. Үүнээс хойш зохицуулалтгүй иргэд хоорондын мөнгөн зээлийн харилцаа үүсээд явж байна. Тиймээс бид бүх ломбардыг бүртгэлтэй болгоё гэдэг зохицуулалт оруулж ирсэн. Өдрийн зээлийг хориглоё, зээл чөлөөлөгчдийг бүртгэлжүүлье.
Бид ломбардад тусгай зөвшөөрөл өгөх гэсэн зүйл биш бүртгэлжүүлэх гэж байгаа юм. Ломбардын мөнгөний эх үүсвэр юу болох талаар улс мэдээлэлтэй болохыг зорьж байна. Энэ нь олон улсын байгууллагын өмнө хүлээсэн “бүртгэлтэй үйл ажиллагаа явуулах” гэрээний дагуу хийгдэх гэж байгаа ажил болно.
Арилжаа эрхлэгчдийн маргааныг эвлэрүүлэн шийдвэрлүүлдэг болъё. Цахим орчинд хийсэн гэрээ хэлэлцээрийг нотлох баримтад тооцдог болно. Иргэд хоорондоо бизнесийн харилцаагаа нотариатаар баталгаажуулдаг. Энэ л ганц хуулийн өмнө хүчинтэй байдаг. Харин одоо үед дийлэнх хүмүүс цахим орчинд хийсэн гэрээгээр бизнес эрхэлдэг болсон мэдээллээ.
Мөн төр нь бизнесменүүдээсээ өрсөж бизнес хийх сонирхолтой байдаг гаж тогтолцооноос салгах бодого баримталж байгаа юм байна. Тиймээс төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой компанийн тухай хуулийн төсөл боловсруулах аж. Цаашид Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхийн тулд эрх зүйн орчныг тогтвортой, боловсронгуй болгох гэнэ. Гадаад улсын хуулиар гэрээ хэлцэл хийх асуудлыг хязгаарлаж юм байна.
Э.Үүрийнцолмон
Уншиж байна |