Д.Батзориг: Самарчид модыг мунаар цохиж дахин ургахгүйгээр гэмтээдэг
2020-08-11

Намрын улиралд иргэд Ойн тухай хуулийг зөрчин самар түүх зөрчил ихээр гардаг. Тухайлбал тун саяхан иргэн Э хуш модны самрыг түүж, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор гаргахыг завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ. Түүнд  Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 490,000 төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан байна. Энэ талаар Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзоригоос тодрууллаа.

 

 

-Бугын эврийг байгалийнхаа жамаар унасан учраас түүхэд буруу үгүй гэж иргэд боддог. Үүнтэй адил самрыг ч мөн түүх нь хууль бус үйлдэл биш гэж ойлгодог. Тэгвэл самар түүх хугацаа, хэрхэн ойд хохирол учруулахгүй байх тухай тодорхой заалтууд бий юу?

 

-Самар түүх тохиромжтой цаг нь есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 10. Энэ хугацаанд самар бүрэн боловсордог бөгөөд түүхэд ч амар болно.  Самар дөрвөн жилд нэг удаа их ургацаа өгдөг. Үүнийг  их ургацын жил гэж нэрлэдэг. Энэ үеэр хүмүүс ууланд гарч самрын модыг нүдэж, балбаад самрыг нь унагаан авдаг. Хүмүүс маш зэрлэг. Мод, амьтад болон байгалийг хайрладаггүй. Юу ч үгүй халзлаад хаячихна. Журамдаа бол 30 хувийг нь түүж аваад 70 хувийг байгальд үлдээх ёстой. Үлдсэн самар нь байгальд мод болж ургахаас гадна  амьтад хооллодог. Манайхан байгаль эхийнхээ хишгийг хүртэлгүй яахав. Хамгийн гол нь түүхдээ хуу хамаад, самар үлдээхгүй түүдэг. Энэ нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг ойлгодоггүй. Байгальд, ойд гарз хохирол учруулахгүй л бол хүмүүс самар түүхэд буруудах зүйл үгүй.  

 

-Хэрэв гүйцэд болоогүй самар идвэл хүний биед эрсдэл, аюул бий болов уу?

 

-Болц гүйцээгүй самар давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг. Тиймээс халдварт өвчин тараах нөхцөл болно. Эрүүл ахуйн хувьд тохиромжгүйгээс гадна түүхий самрыг идсэн хүн гэдэсний халдвараас гадна элэгний өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг.

 

-Зөвшөөрөлгүйгээр самар түүвэл ямар хариуцлага тооцдог вэ?

 

-Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгжийг 3,000 нэгжээр, иргэнийг 300 нэгжээр торгодог аж. Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн 1 нэгж 2000 төгрөгтэй тэнцэх учир ААН-ийг 3,000 нэгж буюу 6 сая төгрөг, иргэнийг 300 нэгж буюу 600 мянган төгрөгөөр торгоно. Одоо бидний хамгийн их санаа зовж буй зүйл бол хушин ой.


-Хушин ой гэж чухам юуг хэлээд байна вэ? Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Монгол орны 12 хувийг ой эзэлдэг. Үүнээс шигүү модтой хэсэг нь найман хувь байдаг. Харин үүнийх нь зөвхөн таван хувь нь хушин ой юм. Хуш байгалийн болон биологийн асар нөлөөт ач холбогдолтой. Тэр жоохон ойг хүмүүс балбаж зовоогоод үгүй хийх гээд байгаа юм. Балбаад халзалчих юм бол хушин ой дахиад ургахгүй хатна. Хатвал үхнэ. Ийм нөхцөл байдал үүсэх учир иргэд хуш модыг хайрлах хэрэгтэй. Хамгийн гол нь хушин ойг хүмүүс самар түүж байна гээд юу ч үгүй холтсыг нь халзалж орхидог. Гэтэл энэ нь тэр модны хувь заяатай шууд холбогдоно. Үүнээс гадна хамгийн том хохирол нь байгаль сүйдэж, ан амьтад идэх хоолгүй болно. Тиймээс л самар түүхтэй холбоотой хориг гарсан.  

 

 

-Тэгвэл хуш модыг хайрлах, гэмтээхгүй байх тухай анхааруулга хүргэхгүй юу?

 

-Бид Шинжлэх ухааны академийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Гео экологийн хүрээлэнгүүдээс хуш модыг гэмтээх нь ямар сөрөг дагаварт хүрэх вэ гэж албан тоотоор асуулт тавихад шинжилж судлаад бидэнд хариу илгээсэн. Үүнд модыг нүдээд, балбаад байхаар механик гэмтэл үүснэ. Энэ гэмтэл нь гадна биеийг нь халзлан, гэмтээснээр уг мод давирхай шүүсээ алдана. Түүн дээр нь хортон шавж цуглан хороо цацдаг. Хортон шавжид идүүлсэн мод 80-90 хувь нь хатаж үхэх дахин ургахгүй болох эрсдэлд орно. Энэ асуудлаар манайх Байгаль орчны яамд албан бичиг хүргүүлсэн.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
самар түүхийг бүрмөсөн хориглочих хэрэгтэйшд, ойн амьтад нь л иднэ биз, хүмүүс самар түүх гэж бөөн бөөнөөрөө очоод ойд модыг сүйтгэж байгаашд, гал алдаж түймэр гаргана, өөрсдөө модноос унаж гэмтэж бэртэнэ ...
2020-08-11
irgen:
oooo muu novshnuud ...estoi yadarsan hymyys l samar tyydeg byy horiod baigaach geed omoorood baisan chin ingeed tenegteed baidag bydyyleg ergyy malnuud shdee....baigalid estoi gai hiideg um baina. Baigali , oi hamgaalgchidiin oron toog nemeh heregtei um baina daa
2020-08-11
батбаатар:
хэрэгтэй мэдээлэл байнаа хүрэх ёстой хүмүүстээ хүрээсэй
2020-08-11