ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл зөвлөнө. ХЗДХ-ийн сайд анхны тушаалаараа түүнийг орон тооны зөвлөхөөрөө томилсон байна.
МУИС-ийн зөвлөх профессор Содовсүрэнгийн Нарангэрэл нь Монголын хууль зүйн боловсрол, шинжлэх ухааны төдийгүй нийгмийн зүтгэлтэн. Тэрбээр МУИС-ийг 1975 онд дүүргээд төрөлх сургуульдаа багшаар ажиллаж, монголын хуульчдад дээд боловсрол олгох үйлсэд ухамсарт амьдралаа зориулсан сурган хүмүүжүүлэгч хүн. С.Нарангэрэл нь дээд боловсролыг мэргэжил, арга зүйгээр удирдах үйлсэд хүчин зүтгэж, 1991-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын Академийн дэд захирал, 1999-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллажээ.
Түүний бичсэн бичсэн “Монгол улсын эрх зүйн тогтолцооны удиртгал” ном англи, орос, хятад, япон, герман хэлнээ орчуулагджээ. С.Нарангэрэлийн удирдлагаар 20 шахам хүн хууль зүйн шинжлэх ухааны болон боловсролын докторын зэрэг хамгаалснаас ОХУ, БНХАУ-ын иргэд байгаа болно. 2004 онд түүнд Япон улсын Нагояагийн Их Сургууль хүндэт доктор цолоо олгожээ. 2008 онд Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол хүртээжээ.
Академич С.Нарангэрэл 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ. Тэрбээр мөн Улаанбаатар хотын ерөнхий Прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Монголын өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч зэрэг хууль сахиулах төв ба орон нутгийн байгууллагын удирдах ажилтнаар ажиллажээ.
Академич С.Нарангэрэл нь манай улсын хууль зүйн дээд боловсрол, шинжлэх ухаан, хууль сахиулах байгууллагын зүтгэлтэн билээ.
Э.Сонор
Уншиж байна |