Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оноосон.
Өмгөөлөгч: Н.Мандах:
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 02-07 өдрүүдэд дөрвөн өдөр үргэлжилсэн Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан болсон. Анх Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг 2019 онын арван нэгдүгээр сараас эхэлж шалгаж эхэлсэн байдаг. Шалгалтын ажил явагдаж байхад Н.Номтойбаяр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан. Үүнтэй холбоотой хууль хяналтын байгууллагын шалгалт хурдан болж эхэлсэн юм. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах байгууллага, хяналтын прокурорын байгууллага өмнө нь холбогдуулан шалгаж байсан тогтоолдоо өөрчлөлт оруулсан.
Бид энэ байдлыг хэргийг шүүхэд шилжүүлэх зорилготой байсан юм байна гэж харж байгаа. Бид тогтоолд өөрчлөлт орсон учраас тогтоолтой танилцах, хэргийн нотлох баримт, мэдүүлгээ өгье гэсэн хүсэлтээ хууль хяналтын байгууллагад гаргасан. Хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын байгууллага хүлээж аваагүй. Хэрэг 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсэн. Хэргийг шилжүүлэхээсээ өмнө хуульд заасны дагуу гэм буруутай гэж үзэж байгаа хүмүүстээ прокурорын байгууллагаас яллах дүгнэлтээ гардуулж өгөх учиртай. Энэ хуулийн заалт ноцтойгоор зөрчигдсөн. Хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын зүгээс тавдугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үүдний нэг давхарт яллах дүгнэлтийг Н.Номтойбаярт гардуулахыг оролдсон. Хуульд заасны дагуу ажиллагаа хийгдээгүй.
2020.05.28 өдөр Н.Номтойбаярыг цагдан хорих арга хэмжээ авсан. Үүнээс болоод УИХ-ын сонгуульд биечлэн оролцох боломжгүй болсон. Үүнд хамааруулж нэг зүйлийг хэлье.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд СЕХ-ноос зөвшөөрөл авах үүрэгтэй ч үүнийг хүлээж аваагүй. Хууль ёс хэрхэн хэрэгжиж ирсэн талаар мэдээлэл өглөө.
Бусад хүмүүс өмгөөлөгчтэй харин Н.Номтобаяр өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцсон. Анхан шатны шүүхээс долдугаар сарын 7-нд шийдвэрийг амаар танилцуулж, үндэслэлийг хэлээгүй. Бид дээд шүүхэд давж заалдана. Яллах дүгнэлтээ гардаж аваагүй хүний шүүх хуралдаан болсон.
Г.Мичидмаа