МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахыг шүүхээс шаардаж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 11-нд захирамж гаргаж, цагдан хориод байгаа.
Энэ эхний бас сүүлийн баривчилгаа биш гэх бор шувуу нисч байна. Учир нь С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болж шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулаад байгаа юм.
Шүүх хуралдаанаар:
Шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,
Шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус 10 тэрбум,
Шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах,
Шүүгдэгч Б.Бямбасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Хэрэв дээрх барьцааг заасан хугацаанд байршуулаагүй тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна гэдгийг шүүхээс сануулж буй. Өөрөөр хэлбэл бэлэн 10 тэрбум төгрөг тушаахгүй бол шоронд орох сонголтыг шүүхээс дээрх нэр бүхий шүүгдэгч нарт тулгаад байгаа юм. 10 тэрбум гэдэг аяга кофены мөнгө биш. Тиймээс С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт маргааш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч магадгүй байна.
Шүүх байгууллага ингэж улстөрийн тэр дундаа сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, нэр дэвшигчдийн сонгогдох, иргэдийн сонгох эрхийг боомилох нь шударга үнэн мөн үү?!