Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс олон нийтийн анхааралд байгаа хэргүүдийг шийдвэрлэсэн тухай мэдээлэл өглөө.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
1.Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаа /Улсын Их Хурлын гишүүн/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. Одоогийн байдлаар шүүх хуралдааны тов зарлагдаагүй байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
1.Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлууллаа.
Шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбат болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, шүүгдэгч Б.Отгонбаатар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нөгөөтэйгөөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Отгонбаатарын төрийн сангийн 1009 0000 5406 дугаартай дансанд байршуулсан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.
2. Нийслэлийн прокурорын газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг тус шүүх энэ оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08:30 цагт хэлэлцэж, шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
1. Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг 02 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан талуудын хүсэлтээр 2 удаа хойшлогдож, 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан. Уг шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан боловч талуудын хүсэлтээр 2 удаа хойшлогдоод байна. Дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 29-ний 10:00 цагт товлосон.
Таслан сэргийлэх арга хэмжээ: Шүүгдэгч Э.Бат-Үүл, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Д.Оюунжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч А.Гантулга, Ё.Гэрэлчулуун, Б.Мөнхтөр нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2. НПГ-с яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020-03-23-нд хүлээн авсан. Нийт 461 хавтас хэрэг ирсэн.
2020.04.06-ны өдөр Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан. 2020.04.29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2020.05.05-ны өдөр тогтоож, шүүх хуралдаан 2020.05.11-ний өдөр хүртэл хойшилж, 2020.05.11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, 2020.05.25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. 2020.05.25-ны өдөр шүүх хуралдаан тус тус хойшилсон.
С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан тул тус тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт товлосон байна.
Шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулаха
д ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус өөрчилж, тэдгээрийг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Баярт урьд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Бямбасайхан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байна.
Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн шийдвэрлэсэн байна.
3. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг 05 дугаар сарын 28-ны өдөр болж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа болон Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарласан.
Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нарын зүгээс шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.