Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчид цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгааг олон нийтэд хүргэж байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн төв байгууллагаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.
Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын Их Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн сурталчилгааны эхний 10 хоногийн байдлаар цахим орчин ашиглан нам, эвсэл, нэр дэвшигчдийн сурталчилгаа явуулахдаа хууль тогтоомжийг дээдлэн ажиллаж байгаа хэдий ч нам, эвсэл, нэр дэвшигчдээс зарим нэр бүхий вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тарааж байна гэсэн өргөдөл, гомдлууд нэмэгдэх хандлагатай байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно” гэж заасан.
Мөн тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт сонгуулийн байгууллагад бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, цахим орчинд бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглосон.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.7.1 дэх хэсэгт заасны дагуу Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаахаар хуульчилсаны дагуу сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи хугацаанд нэр бүхий вэб сайтын хандалтыг хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлээд байна.
Иймд вэб сайтын үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд та бүхэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн сурталчилгаа явуулахгүй байх болон мэдээ, мэдээллийн эх сурвалжаа сайтар нягталж байхыг зөвлөж байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Цагдаагийн ерөнхий газар
Уншиж байна |