Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажиллажээ.
Мөн гал унтраах ажиллагаанд нийслэлийн гал түймэр унтраах, аврах 7 ангийн бэлтгэл ээлжийн 164 алба хаагч “Яаралтай цуглар” дохиогоор хүч нэмэгдүүлэн ажилласан бол цагдаагийн байгууллагын 130 гаруй алба хаагч, “Ус сувгийн удирдах газар”-ын алба хаагчид, “Сүү” ХХК-ийн алба хаагчдыг дайчлагджээ.
Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтоох юм. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү урьдчилсан байдлаар гал алдсан байж болзошгүй таван хүнийг тогтоон шалгаж байгаа гэдгийг мэдээлсэн.