Ш.Мөнгөншагайд гурван жилийн ял оноож Д.Цолмон, Г.Цагаанцоож нарыг цагаатгав
2020-05-26

Салхитын мөнгөний ордтой маргааныг шийдвэрлэх явцад авлига авсан шүүгч нарын хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавдугаар сарын 14-2-ны өдрүүдэд хаалттай явагдсан.  Шүүхийн шийдвэрийн талаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат мэдээлэл хийлээ. 

 

 


Сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар гүйцэтгэх ажиллагааны үед шүүгчийн гэрээс их хэмжээний мөнгө хурааж буй бичлэг цацагдаад байгаа. Үүнд  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Ганбат "Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1,425,200 ам.долларыг улсын орлого болгон шийдвэрлэсэн. Энэ бичлэгийн тухайд 2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч Ш.Мөнгөншагайгийн хөлсөлж байсан байрны 305 тоотоос 1.2 сая орчим ам.долларыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар хурааж авч байгааг харуулсан. Энэ бичлэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй нотлох баримт. Өөрөөр хэлбэл 27-28 хавтас хэрэгт тэр бичлэг ирээгүй. Тэр бичлэг дээр нөхцөл байдлыг хавтаст хэрэгт бичгийн хэлбэрт буулгаад нотлох баримтаар ирүүлсэн байсан" гэх тайлбарыг өглөө.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /албан мэдээ/

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн  22.5-1 /хахууль өгөх/, 22.4-2.4 /хахууль авах/ , 2002 оны Эрүүгийн хуулийн 268.1/ хээл хахууль  авах/  269.1 /хээл хахууль өгөх/ -д зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох   хэргийг  Хан-Уул  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх   2020 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын  22-ны өдрүүдэд хянан хэлэлцээд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Цолмон,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цагаанцоож  нарт  холбогдох хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т /гэмт хэргийн шинжгүй/ зааснаар хэрэгсэхгүй болгон  цагаатгаж,

 

Шүүгдэгч  Ш.Мөнгөншагайг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай  урьдчилан  үгсэн тохиролцож, бусдад  албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,

 

Шүүгдэгч Г.Жаргаланг  өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай  урьдчилан  үгсэн тохиролцож, бусдад  албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  3 жилийн хорих ялаар,

 

Шүүгдэгч  Г.Алтан-Очирыг  нийтийн  албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албаны чиг үүргээ  хэрэгжүүлсний хариуд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд  бусдаас  хахууль авсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэг,  гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан үйлдэлд нь  2015 оны Эрүүгийн   хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /мөнгө угаах/ зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасаж , 3 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 50.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох,

 

Шүүгдэгч Б.Цолмонбаатарыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх  ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан  үйлдэлд  2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, өөртөө  болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусадтай үгсэн тохиролцож бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай  нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 60.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох,

 

Шүүгдэгч Э.Халиунбаярыг  өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн  үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар,

 

Шүүгдэгч  Н.Уранчимэгийг албан тушаалтанд бусдаар дамжуулан  хахууль өгсөн  үйлдэлд нь  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ялаар шийтгэж, 35.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,

 

Шүүгдэгч  Ж.Цэцэгээг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, хээл хахууль авсан үйлдэлд  гэм буруутайд  тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12.240.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,  шүүгдэгчдийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн  прокурорын газраас  шүүгдэгч  Ч.Амгаланбаярт  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,  төрийн байгууллага албан тушаалтны нэр барьж үйл ажиллагаа явуулж их хэмжээний ашиг олсон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч  М.Цэндсүрэнд  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хээл хахууль өгч, авахад зуучилсан гэм буруутайд тус тус тооцож,  Ч.Амгаланбаяр,  М.Цэндсүрэн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт /Тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон/-д  зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Амгаланбаяраас гэмт хэрэг үйлдэж олсон 45.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох,

 

Шүүгдэгч  С.Оюунбатад холбогдох  хэргийг  тусгаарлаж,  Б.Пүрэвням, Ц.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн 190200000344 дугаартай хэрэгт нэгтгүүлэхээр, шүүгдэгч Ш.Энхтөрд холбогдох хэрэгт  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

 

Мөн шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжлэх явцад шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн бие муудаж, шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй нөхцөл үүсэнтэй холбоотойгоор Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийг тусгаарлан хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс хураасан 140.000 ам.доллар, нийт 1.445.200 ам.долларыг улсыг орлого болгохоор шийдвэрлэв.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хардагч:
Чин сэтгэлээсээ үнэмшиж бна үгүйдээ энэ бол сонгуулийн өмнө хийсэн шоу энэ шүүгч нар бол улс төрчдийн үгэнд ордоггүй хүмүүс л бхгүй юу энэ нь дотор байргүй шүүгч хүртэл бна шүүдээ
2020-05-28
ШҮҮГЧ НАР НЭГНИЙГЭЭ ШҮҮХ ХЭЦҮҮ Ч АРАЙ БАГА ЯЛ ӨГЛӨӨ, ХУУЛЬ ШҮҮХИЙН ӨМНӨ ТЭГШ БАЙХ ЗАРЧИМ ХААНА БАЙНА. ЖИРИЙН АРДЫН ТОЛГОЙ ДЭЭР ҮЛДЭХ ҮҮ,,, ГЭХДЭЭ ТОМ ДЭВШИЛ АВЧИРСАН ТУЛ ТҮР АЗНАЯ ДАА, ШУДАРГА БАЙЦГААЯ,
2020-05-27
Ахмад хуульч:
Шүүхийн системийг цочруулсан явдал болсон. Шүүгч нар ял авч байгаа нь сургамжтай зүйл болж байна. Цагаадсан шүүгч нарт баяр хүргэе. Шалгуулаад гэм буруугүй гэдгээ тогтоолгох чинь илүү сайн үйлдэл боллоо.
2020-05-27
Shuuhed itgeh yum alga. Jiriin irged mungugui hergee shiiduulne gj baihgui yum bn. Ed nart avilgal uguh mungegui. Mungetei hund huulibuilchilehgui ni tuiliin unen. Erunhiilegch UIH anhaarald avah tsag boljee
2020-05-27
Г:
Хараал идсэн шүүгчид улс орныг ёстой худалдаж, зарах шиг болж байна.
2020-05-26
Po:
Engiin hvn 5terbumiig husaad 3n jil awahgui shd
2020-05-26
Po:
5terbumiig awsan hvn bol ajil mergijliin daguu tangarag orgoson bsn tul dood tal 10s deesh baih estoi
2020-05-26
Shuugch nartaigaa huivaldaj baina.Bugdiig ni zailuulah heregtei.har huvalznuud...
2020-05-26
Энэ:
Цагаадсан шүүгч нартаа баяр хүргэе. Манай шүүх сайн ажиллаж бгаа шүү
2020-05-26