Монголын Самбо бөхийн холбооны 2019 оны тайлангийн хурал, өчигдөр болжээ. Хуралд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, холбооны техникийн албаны захирал Ж.Баярсайхан, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Үүрцолмон, шигшээ багийн дасгалжуулагч Г.Энхбаяр, шүүгчдийн зөвлөлийн дарга Х.Батхишиг болон дасгалжуулагч, тамирчид оролцлоо.
Тус холбоо нь 2019 онд УАШТ-ийг гурван насны ангиллаар, Дархан-Уул аймагт "Алунгоо цом 2019" тэмцээн, спорт самбо бөхийн шилдэг наймын АШТ, байлдааны самбо бөхийн багийн бооцоот, сурагчдын дэлхийн аваргын сонгон шалгаруулах тэмцээн, "Тэмүүлэл-2019" самбо бөхийн олон улсын тэмцээнийг тус тус зохион байгуулсан юм. Мөн 2018 онд холбооны 50 жилийн ойгоор анх удаагаа холимог багийн Азийн АШТ-ийг зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан 80 мянган ам.долларын шагналын сантай Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Мазаалай" холимог багийн дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд Олон улсын самбо бөхийн холбооны илтгэлд оны шилдэг тэмцээнээр шалгарсан талаар дурджээ.
БНСУ-ын Чөнжү хотод зохиогдсон Дэлхийн тулааны их наадамд Монголын самбо бөхийн шигшээ багийн тамирчид 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр тэргүүлсэн бол Узбекистан улсын Ташкент хотод болсон өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 2 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль авч өндөр амжилт гаргасан юм. Улмаар БНСУ-ын Чёнжү хотод зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ Д.Алтансүх, +100 кг-д ОУХМ Д.Пүрэвдорж нар түрүүлэн багийн дүнгээр 2-р байрт шалгарсан зэрэг амжилтаар 2019 оныг үдсэн байна.
Ц.Ганбат
Уншиж байна |