“УЛСЫН ШАЛГАЛТ”-ын жил гарлаа
2020-01-01

 

2020 онд биднийг ямар сорилтууд хүлээж байна вэ? Шинэ урган гарч буй оны хамгийн гол үйл явдал бол Токио-2020 зуны олимпийн наадам (VII.24 –VIII.9), Токио-2020 паралимпийн наадам(VIII.25 - IX.6) гэдэг нь ямар ч эргэлзээгүй.Тэнд Монголын спортынхон жинхэнэ дүнгээ тавиулна. 2019 оны хүрэл медалийн жил үргэлжлэх үү, бэлтгэл сургуулилтаа бүрэн хангасан уу, олимпийн эрхийг хэр олон тамирчин биелүүлж оролцов, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулсан уу, Монголын их спортын бодлого зөв явж байна уу? Өөр олон олон асуултын хариуг тэнд тодорхой өгөх болно.Чухамдаа УЛСЫН ШАЛГАЛТ л гэсэн үг. Энэхүү олимп, паралимпийн наадам нь зөвхөн Монголд хамаатай бус, дэлхийн нийтийн 2020 оны спортын хамгийн чухал үйл явдал билээ.

 

Дараагийн олны анхаарлыг татах, нэр хүндтэй уралдаан тэмцээн бол Европийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн.Европийн АШТ анх удаа 12 улсын 12 өөр хотод явагдах бөгөөд сугалааны байдлаас харахад 2014 оны дэлхийн аварга Герман, 2016 оны Европийн аварга Португал, 2018 оны дэлхийн аварга Франц гэсэн сүүлчийн гурван том тэмцээний тэргүүн багууд нэгэн (F) хэсэгт оржээ.

 

Бусад хэсгийн хувьд жигдхэн багууд багтсан гэхэд болно.Европийн АШТ 2020 оны зургадугаар сарын 12-нд Ром хотноо Турк-Италийн багийн тоглолтоор эхлэх бөгөөд хэсгийн шатны тоглолт зургадугаар сарын 24-нд өндөрлөх юм. Харин шөвгийн 16-гийн тулаан зургадугаар сарын 27-нд, хагас шигшээ тоглолт долдугаар сарын 7, 8-нд болж, 2020 оны Европийн аварга багийн нэр долдугаар сарын 12-ны үдэш Лондон хотноо тодрохоор болжээ.

 

2020 оны эхэнд Швейцарийн Лозанна хотод Өсвөр үеийнхний өвлийн олимпийн наадам болох гэж байна. Тус наадамд Монгол Улсаас зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болсон нь тооны хувьд түүхэн амжилт.

 

Шинэ онд Монголын спортын түүхэнд чухлаар үлдэх нэгэн наадам нь Улсын ерөнхийлөгчийн дэмжлэг, ЮНЕСКО-гийн ивээл дор явагдах Ногоон наадам (Green Games) билээ. Анх хүлээн авахаар төлөвлөсөн “Азийн хүүхдүүд” наадмын нэр хаягийг ийнхүү өөрчилж, дэлхийн аль ч орноос өсвөр залуу тамирчид оролцох боломж бүхий Ногоон хэмээх наадмыг түүний оронд зохион байгуулна. Ногоон наадам 2020 оны есдүгээр сарын13-20-нд Улаанбаатар хотод 20 гаруй спортын төрлөөр явагдах юм.

 

Спортын үйл явдлыг томоохноос базан тоймлоход ийм байна. Бусад уралдаан тэмцээнүүд ч олон хэвээрээ. Угаасаа урьдчилан тааварлаж, төсөөлж болдоггүй нь спортын онцлог билээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин