Ираны алдарт бөх Хассан Яздани өвдгөндөө бэртэл авчээ
2019-12-23

 

Олимп, дэлхийн аварга Ираны алдарт бөх Хассан Яздани клубүүдийн ДАШТ-ий өмнө бэлтгэлийн үеэр өвдгөндөө бэртэл авч Тегераны эмнэлэгт хүргэгджээ. Урьдчилсан мэдээллээр Яздани дор хаяж гурван сар бэлтгэл хийх боломжгүй. Иран улсаас “Токио-2020” олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх Яздани формондоо хэр хурдан орохыг бөх сонирхогчид хүлээж байна.Түүнчлэн Ираны шилдэг бөхчүүдийн нэг ДАШТ-ий хошой хүрэл медальт Алиреза Карими саяхан өвдөгөндөө мэс засал хийлгэжээ.

  • Бүх Японы АШТ буюу “Эзэн хааны цом”-ын тэмцээн Токио арванхоёрдугаар сарын 19-22-нд хотод боллоо. Япончууд чөлөөт бөхийн төрлөөр эрэгтэйчүүдийн 57, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Токио-2020” олимпийн наадмын эрх авч чадаагүй байгаа. Тэгвэл дээрх жингүүдэд түрүүлсэн Рей Хигүчи (57 кг), Cосүке Такатани (86 кг), Найоя Акагүма (97 кг), Тецүя Танака (125 кг), Юи Сүсаки (50 кг) нар Наран улсыг төлөөлж БНХАУ-д болох Азийн тивийн олимпийн эрхийн тэмцээнд хүч үзнэ. “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Рей Хигүчи хоёр жин бууж, гурван жилийн дараа хуучин жиндээ зодоглож шигшээ барилдаанд 2017 оны дэлхийн аварга Юки Такахашиг 7:6-гаар ялжээ. Дэлхийн хошой аварга Сүсаки өнгөрсөн хавар Японы аваргад Юки Ириэд ялагдаж дэлхийн аваргыг өнжсөн бол энэ даагаа амжилттай нэхэж 2:1-ээр илүүрхэв.
  • Нур-Султаны ДАШТ-ий 86 кг-ын жинд тавдугаар байрт орж “Токио-2020” олимпийн наадмын эрх авсан Майлз Амине Сан-Марино улсын 2019 оны шилдэг тамирчин болжээ. Тус улсын түүхэнд чөлөөт бөхийн тамирчин анх удаа оны шилдэг тамирчин болж байгаа тохиолдол юм. Америкт төрж өссөн 23 настай Амине өнгөрсөн жилээс иргэншилээ сольж ээжийнхээ төрсөн нутаг Сан-Мариногийн нэр дээр барилдаж эхэлжээ. Түүний аав нь Америкт их дээд сургуулийн багт барилддаг байсан бол өвөө нь 1956, 1960 оны олимпын наадамд оролцож байсан.
  • Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны 2019 оны шилдэг тамирчдыг тус бүрт нь тодруулжээ. Өсвөр үеийн шилдэг тамирчнаар Рахман Амоузадхалили (Иран), Хонока Накай (Япон), залуучуудын шилдэг тамирчнаар Депак Пунья (Энэтхэг), Юи Сүсаки (Япон), 23 хүртэлх насны шилдэг тамирчнаар Можтаба Голейж (Иран), Палиха Палиха (БНХАУ) нар тодров.
  • Чөлөөт бөхийн клубүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны Божнурд хотод болж, эзэн орны “Иран Молл” баг дөрөв дэх удаагаа аваргаллаа. Өмнө нь“Бимех Рази” нэртэй байхдаа 2014, 2015, 2018 онд клубийн дэлхийн аварга болж байсан тэд шигшээ барилдаанд нутгийнхаа “Азад” багийг 8:2-оор илүүрхэж 15 мянган ам.доллар гардав. Хүрэл медалийг нутгийн “Атрак” клуб хүртсэн. Зургаа дахь удаагийн тэмцээнд эзэн орны гурван клубээс гадна Гүрж, Азербайжан, Энэтхэг, БНХАУ, Кыргызстаны баг өрсөлджээ.

Б.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Heregtei ... hov hootsolddog humuust l hereggui ...
2019-12-23
зочин:
энэ хэнд хэрэгтэй мэдээ вэ, бөхийн донтой гар бүгдийг өөр шигээ гэж бодоод байгаа юм байх даа
2019-12-23